Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, футзалын мастер ангиллын буюу 65, 60 насны тамирчдын УАШТ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний 60 насныхны ангилалд “Бага тойрог”-ийн тоглогчид МӨХ багийнхантай ана мана өрсөлдөж түрүүлсэн. Харин“Эрчим”-ийнхэн III байр эзлэв. Тоглолтод багийнхныгаа хошуучилж тоглосон тамирчдаас С.Ганцоож (“Эрчим”) шилдэг хаалгач, Л.Төгөлдөр (“Бага тойрог”) шилдэг тоглогч, Д.Буян-Өлзий (МӨХ) мэргэн буучаар шалгарсан юм.
65 насныхны ангилалд тэмцээний уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож тоглосон багуудаас “Соёмбын барсууд” аваргалж, “Ирвэс”-ийнхэн мөнгө, “Бага тойрог”-ийнхон хүрэл медаль зүүв. Сонирхуулахад, тоглолтын онцлох шилдгүүд “Бага тойрог” багийнхнаас тодорсон юм. Багаа хожилд хөтөлсөн тамирчдаас Г.Булгантамир шилдэг хаалгач, Н.Баянмөнх шилдэг тоглогч, Д.Болдбаатар мэргэн бууч боллоо.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, 2023-2024 оны улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонх өчигдрөөс нээгджээ. Шилжилт хөдөлгөөний цонх энэ сарын 28-ны 17.00 цагт хаагдана.