Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын охидын 13 хүртэлх насныхны УАШТ-д өрсөлдсөн хот, орон нутгийн багуудаас Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн тэргүүн байр эзэлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнд онооны хол зөрүүгүй хожигдсон А.Хулан дасгалжуулагчтай “10 дугаар сургууль, Туулын том тулнууд”-ын тамирчид мөнгө, Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “137 дугаар сургууль, Монцоолой” клубийнхэн хүрэл медаль хүртэв. Тэмцээнд бусдыгаа хошуучилсан тоглогчдоос “Хангарьд”-ын З.Ану-Үжин шилдэг хаалгач болов. Эсрэг багийн хаалганд дөрвөн гоол оруулсан амжилтаар тус клубийн Г.Аминзул, “10 дугаар сургууль, ТТТ”-ийн М.Пүрэвсүрэн нар шилдэг мэргэн буучаар тодорсон. Шилдэг тоглогчоор “Хангарьд”-аас Э.Должин шалгарсан юм. Үүнээс гадна хөл бөмбөгийн грассрүүтс төрлийн УАШТ-ий 12 хүртэлх насныхны ангилалд 500 тоглогч авхаалж самбаагаа сорьж, аварга багийг тодруулсан. Тус тэмцээнд М.Сэргэлэн, Ө.Ганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн түрүүлснийг бид өмнө нь мэдээлсэн. Ийнхүү гурав дахь удаагаа алтан медаль хүртэж, цомын эзэн болсон тэдний араас Н.Наранболд, Э.Хатанбаатар дасгалжуулагчтай “Хоромхон”-ы тоглогчид дэд байр эзэлсэн юм. Тэгвэл Т.Хамит дасгалжуулагчтай “Номадик хантерс”-ынхан III байр эзлэв.