Швейцарын Саас-Фе хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”- ын II дахь цуврал тэмцээнд Монголоос Ч.Мандахбаяр улсаа төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр сарын өмнө БНСУ-ын Чонсон хотод болсон мөсөнд авиралтын эхний тэмцээнд нутаг нэгт тамирчин, Азийн аварга Н.Хэрлэнтэй өрсөлдөхдөө удаалж, мөнгөн медальтай ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил Францын Шампаньи-Ан-Вануаз хотод зохион байгуулсан тус тэмцээний II дахь цувралын хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, Монголынхоо тамирчдын шагналын буухиаг үргэлжлүүлж байв.
Ташрамд дуулгахад, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Сутайн бор” клубийн тамирчин, “Дэлхийн цом”-ын аварга, ОУХМ Н.Хэрлэнг хүлээн авч уулзан, Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сард зохион байгуулах ДАШТ-д амжилттай оролцохыг хүсээд, ирэх, очих зардлыг нь шийдэхээр болжээ.