Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвд олон улсын стандартад нийцсэн мөсөнд авиралтын хурдны хана барьжээ. Хана босгох барилга угсралтын ажлыг Б.Одмандах захиралтай “Нягт холбоос” компанийнхан гүйцэтгэсэн байна. Ингэснээр “Дэлхийн цом”-ын дараагийн цуврал, ДАШТ-д өрсөлдөх Монголын тамирчид дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэл хийхэд бэлэн болжээ. БНХАУ, БНСУ, ОХУ, Швейцар, Франц улсын мөсөн байгууламжтай дүйцэх шинэ ханын өндөр 16.5, өргөн нь 4.6, зузаан нь 0.5 метр аж. Уг ханыг Олон улсын уулчдын холбоонд албан ёсоор танилцуулах юм байна. Ташрамд дуулгахад, тус сумыг зорьж, “Олимп” спорт авиралтын төвд бэлтгэл хийсэн өсвөр үеийнхнээс Увс аймгийн тамирчин Б.Мөнхбаатар, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч А.Зоригтбаатар нар Францад энэ сарын 18-20-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртжээ. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг авирагчдаас Азийн аварга, ОУХМ Н.Хэрлэнг “Дэлхийн цом”-д түрүүлсний дараа БНСУ-ын холбоо тамирчдаа Монголд хамтарсан бэлтгэл хийлгэх санал тавьсан байна.