Монголын даамын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээнд 250 шахам тамирчин оюунаа сорьж, аваргуудаа тодрууллаа. Швейцар системээр есөн өрөг тоглосон эл тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (“Повгор хүү”), эмэгтэйчүүдээс Ц.Цацрал (“Алтан хүү” клуб) нар тэргүүлэв. Ангилал тус бүрийн эхний 30 байрт шалгарсан тоглогчид ирэх гуравдугаар сарын 20-24-нд болох УАШТ-ий хагас шигшээд оролцох эрх авсан. Тэмцээний үеэр орон нутагт даамын спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хичээл зүтгэлийг нь үнэлж Дорноговийн аймгийн тоглогч Б.Одонбаатар, Ховдын Б.Марзия нарыг Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу” медалиар шагнажээ. Өсвөр үеийнхнээс “Сонгодог байрлал” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны дэд мастер З.Отгонсүрэн, М.Дөлхүслэн нарт “Шилдэг тамирчин” шагнал олгосон юм.