Монголын хөл бөмбөгийн холбооноос футзалын хөвгүүдийн 14 хүртэлх насныхны УАШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 28 клубийн тоглогчид оролцож, аваргын цомын төлөө анамана өрсөлдсөн юм. Энэ удаагийн ширүүхэн тоглолтод Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн тэргүүлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө Д.Батнасан дасгалжуулагчийн удирдлагад тоглосон “Эрчим” клубийнхэн мөнгөн медаль хүртэв. Олон багаас тамирчдынхаа тоглох ур чадвараар шалгарч, медалийн төлөө өрсөлдсөн Н.Болор дасгалжуулагчтай “Ховд вестерн”-ийнхэн III байрт орж, хүрэл медальтай буцжээ. Эл тэмцээнд бусдаасаа манлайлсан тоглогчдоос “Эрчим” клубийн М.Даваажаргал шилдэг хаалгачаар шалгарав. Өрсөлдөгч багуудын хаалганд 25 гоол оруулсан “Хараацай”-н У.Маргад, “Эрчим”-ийн Ж.Сүбээдэй нар мэргэн бууч боллоо. Багаа хожилд хөтөлсөн “Хараацай”-н М.Үлэмжийг шилдэг тоглогчоор тодруулсан юм.