Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний дээд лигт өрсөлдсөн багуудын улирлын тэмцээн өндөрлөж, хагас шигшээ тоглолт нь энэ сард эхлэх юм. Өмнөх жилүүдийг бодвол энэ удаа олон баг оролцсон тул тэмцээн хэдэн сар үргэлжилж, шинэ онтой золгов. Аль багийнхан аваргаар тодрох нь одоогоор тодорхойгүй. Харин хагас шигшээд өрнөх өрсөлдөөнөөс тэдний аль нь “одтой” байх нь харагддаг. Эрэгтэйчүүдээс хүснэгтийг “Натур мед толун” багийнхан тэргүүлж, “Өмнөговь шанх транс”, “Хасу мегастарс, “Тэнүүн огоо”-гийн тоглогчид хагас шигшээд шалгарсан тул тоглолтоо үргэлжлүүлнэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл эрчим” багийнхан хүснэгтийн эхэнд бичигдэж, аваргаа хамгаалан тоглох нь тодорхой болжээ. Тэдэнтэй “Тэнүүн огоо”, “Хилчин”, “Ховд ижил Алтайн барс”-ынхан хагас шигшээд гал гарсан ширүүхэн “тэмцэл” өрнүүлэх нь.
Ташрамд дуулгахад, хагас шигшээ тоглолтын өмнө дээд лигийн “Бүх одод”-ын тоглолт болдог уламжлалтай. Энэ сарын 6-нд “Степпе арена”-д болох тус тоглолтод оролцох тамирчдыг олны санал асуулгаар сонгодог. Өнгөрсөн сарын 20-нд эхэлсэн үзэгчдийн санал асуулгаар эрэгтэйчүүдээс “Өмнөговь шанх транс”-аас О.Золбоо (холбогч), Б.Батсуурь (өндрийн довтлогч), “Натур мед толун”-аас Т.Хангал (өндрийн довтлогч), легионер С.Ву (голын хаагч), “Хасу мегастарс”-аас С.Нямсүх (өндрийн довтлогч), легионер А.Мухаммедватхак (голын хаагч), З.Буянжаргал (чөлөөт хамгаалагч) нар одоогоор хамгийн олон санал авчээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс холбогч Л.Хосбаяр (“Хөвсгөл эрчим”), өндрийн довтлогч С.Булгантамир, голын хаагч, легионер Ю.Ким (“Энагурэ”), Д.Эрдэнэбулган өндрийн довтлогч (“Улаанбаатар финикс”), чөлөөт хамгаалагч Д.Сосорбурам, голын хаагч, легионер Д.Лескей (“Хилчин”), өндрийн довтлогч, легионер С.Мануэла (“Тэнүүн огоо”) нар санал авсан байна.