Иргэдээ эх оронд нь зардал чирэгдэл багатайгаар эмчилж, илаарьшуулах нь аль ч орны төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой. Гэтэл Монголд болохоор Эрүүл мэндийн сайд нь иргэдээ гадаад руу эмчилгээнд явуулах хууль санаачилж, парламент нь түүнийг баталж байх юм.
Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг УИХ энэ сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталлаа. Засгийн газар 24 тусгай сантай. Тэдгээрийн нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гийн санхүүжилт, үйл ажиллагааны цар хүрээ зэргийг тэлэх заалтуудыг дээрх хуулийн өөрчлөлтөөр “амилуулах”-аар болсон юм.
УИХ энэ сарын 8-нд 19 хуулийг “бөөндөн” баталжээ. Тэдгээрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтийг “шургуулсан” байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогчдын 87.2 хувийн саналаар буюу “ногоон” гэрлээр дээрх хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болжээ. Харамсалтай нь, хуулийг өөрчилснөө, ингэснээр ямар үр дүн гарахыг холбогдох байгууллагынхан нь одоо болтол олон нийтэд мэдээлсэнгүй, тайлбарласангүй.
УИХ-ын Тамгын газраас тухайн үеийн гаргасан албан мэдээнд хүртэл тэрхүү өөрчлөлтийн талаар ганц өгүүлбэр ч дурдаагүй байв. Товчхондоо, ЭМДС-гийн үйл ажиллагааг “хулгайн” замаар өргөжүүлчихлээ гэсэн үг. ЭМДС өмнө нь зөвхөн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил хийх замаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиг үүрэгтэй байв. Тэгвэл хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийснээр сангийн үйл ажиллагааны цар хүрээ сургалт, сурталчилгаанаасаа “халин”, илт томорч, чиг үүрэг нь дөрвөн хэсэгт хуваагдахаар боллоо. Үүний нэг нь өмнө дурдсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил. Тэгвэл хоёр дахь нь гадаадад эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Гурав дахь нь эрүүл мэндийн салбарт шинэ техник, технологи нутагшуулах, дөрөв дэх чиг үүрэг нь амьгүй донорын ар гэрийнхэнд тэтгэмж олгох аж. Гадаадад эмчлүүлэх иргэдэд дээрх сангаас дэмжлэг олгох нь эрх баригчид, дарга нарт далим болох эрсдэлтэйг бид өмнөх сард хөндөн бичсэн билээ. Эргэн сануулахад, дарга нар, эрх мэдэл бүхий хүмүүс, тэдний хүүхдүүд нь гадаадад сурах нэрээр Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг баруун, солгойгүй цацсан жишээг бид мэднэ.
Үүн шиг тэд гадаадад эмчлүүлэхдээ ЭМДС-гийн хөрөнгийг тогтмол ашигладаг болчих вий гэсэн хардлага байгаа юм. Нөгөө талаар өмнө нь ганцхан ажил хариуцаж байсан хэрнээ олигтой үр дүн гаргаагүй ЭМДС-г шинэчлээгүй, хөгжүүлээгүй атлаа үйл ажиллагааг нь өргөжүүлэх болсныг ойлгохгүй байна. Дээр дурдсан томоохон ажлуудыг хэрэгжүүлэхэд мэдээж их мөнгө шаардагдана. Үүнтэй холбоотойгоор сангийн санхүүжилт ч нэмэгдэх нь. Эхний ээлжид ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгаад байгаа. Цаашид үүнийг улам ихэсгэх шаардлагатай гэсэн санаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сүүлийн үед байнга цухалзуулах болсон. Учир нь гадаадад эмчлүүлэх, эрүүл мэндийн салбарт шинэ техник, технологи нутагшуулах зэрэгт их мөнгө шаардагдана гэсэн үндэслэлийг тэрбээр дурдсан юм.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь хандив, тусламж, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэнэ” гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд дээр дурдсан татваруудын заасан хувийг ЭМДС-д бүрэн төвлөрүүлж байгаагүй гэнэ.
Харин цаашид эдгээрийг бүрэн авах замаар сангийн санхүүжилтийг нэмэх боломжтой гэж сайд С.Чинзориг хуулийн шинэчлэлийн хүрээнд ярьж байв. Засгийн газрын тогтоолын дагуу ЭМДС-гийн хөрөнгийн зарцуулалт, сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг Эрүүл мэндийн сайд хүлээдэг. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн үе үеийн сайд эл үүргээ гүйцэтгээгүй гэхэд буруудахгүй. Ихэвчлэн ЭМЯ-ныхаа харьяа байгууллага руу сангийн хөрөнгийг шилжүүлчхээд, үйл ажиллагааны хэрэгжилт амжилттай гээд дүгнэчихсэн жишээг бид өмнө нь олон удаа дурдсан билээ. Ийм зөрчилтэй, дутагдалтай байдалдаа “салхи оруулаагүй” хэрнээ санхүүжилт нэмж авахаар болсон нь хардлага төрүүлж байна.
Жишээ нь, эрүүл мэндийн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх нь ус, агаар шиг хэрэгтэй ажил. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх нэрээр ЭМДС-гаас санхүүжилт авчхаад, эвдэрхий, хоцрогдсон төхөөрөмж нийлүүлснээ “Ажил амжилттай дууслаа” гээд дүгнэчихвэл яах вэ. ЭМДС-гийн үйл ажиллагааны өнгөрсөн болон өнөөгийн дүр зураг яг л ийм юм. Учир нь ЭМЯ-ныхан санхүүжилт авсан төслүүдийг огт шалгаагүй хэрнээ “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэсэн жишээ цөөнгүй бий. Товчхондоо, ЭМДС-гийн үйл ажиллагаа ил тод бус, зөвхөн ЭМЯ-ныхан “нууцын зэрэглэлтэй”-гээр явуулдаг гэхэд болно.
Тийм учраас л иргэдийн амьдралд нэн тулгамдсан эмзэг асуудлуудын ард нууц “бизнес” цэцэглүүлэх вий гэж хардахад хүрч байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбартаа тулгарсан олон асуудлыг шийдэх нэрээр бүгдийг нь ЭМДС руу “чихээд”, аргалах, гал унтраах төдий арга хэмжээ авлаа гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтийг дүгнэж болно. Жишээ дурдахад, цаг бусаар амь үрэгдсэн, тархины үхэлтэй нь тогтоогдсон хүний ар гэрийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд донор болгодог хууль, эрх зүйн зохицуулалт манайд үйлчилдэг. Ийм тохиолдолд тухайн хүний ар гэрийнхэнд Нийгмийн даатгалын сангаас 3.5 сая төгрөгийн тэтгэмж олгодог билээ.
Харин тухайн хүн нийгмийн даатгал төлж байгаагүй тохиолдолд тэтгэмж олгодоггүй байсан. Тэгвэл эл асуудлыг шийдэхийн тулд ЭМДС-г ашиглахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй хүн донор болсон тохиолдолд ар гэрийнхэнд нь ЭМДС-гаас тэтгэмж олгох зохицуулалтыг Засгийн газрын тусгай сангийн хуулийн өөрчлөлтөд тусгав. Халамжийн, тэтгэмжийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийг хүртэл хуурамч материал бүрдүүлээд авчихсан жишээг бид мартаагүй. Яг үүн шиг донорын ар гэрийнхэнд мөнгө олгох нэрээр хэн нэгэн нь сангийн хөрөнгийг үрэн таран хийчихвэл яах вэ. Энэ мэт хэрэг, зөрчлөөс сэргийлэх ямар арга хэмжээ авах гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Дэлхий нийтэд өвчнийг эрт илрүүлэх, эрт оношлох нь чухал гэж үзэж байгаа. Бас нэгэнт өвдсөн бол хүндрэлээс сэргийлэх, эрүүл мэндээс үүдэлтэй иргэнд учрах санхүүгийн дарамтыг бууруулахыг чухалчилдаг. Харин манайхан болохоор өвдвөл гадаад руу явуулна гээд, амиа алдчихвал эрүүл эд, эрхтнийг нь аваад, улсаас ар гэрийнхэнд нь жаахан мөнгө өгье л гэдэг зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгочихлоо. Нэгэнт ингээд баталсан учраас бидэнд хяналтаа сайн тавих болон сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод байлгахыг шаардахаас өөр сонголт алга.