ШУТИС-ийн хоолзүйч эрдэмтдийн судалгаагаар дотуур байрны 1-12 дугаар ангийн сурагч өдөрт 12 000 төгрөгийн хоол идэх ёстой. Гэрээсээ хичээлдээ явдаг 1-5 дугаар ангийнхан 5800 төгрөгийн Үдийн хоол идэх тооцоолол бий. Бодит амьдралд дотуур байрныхан 4300 төгрөгөөр өдрийн турш, 1-5 дугаар ангийнхан 1500-гаар Үдийн хоол иддэг.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг энэ он цагаас дэмжиж ирсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25.1-т “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй” гэж заажээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25-д заасан эрхийг дээрх үзүүлэлтээр бол хангаж чадахгүй нь ээ, бид.
Угаас эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт таван удаа хооллоно. Өглөө, өдөр, оройн үндсэн хоол идэж, их, бага үдэд хөнгөн зууш, цайтай уу гэж зөвлөдөг. Эл зөвлөмжөөр дотуур байрны сурагчид хүнснээс авах илчлэг шим тэжээлээ 100 хувь сургуулийн хоолоор дамжуулж авах учиртай. Мөн 1-5 ангийнхан илчлэг, шим тэжээлийнхээ 35 хувийг нь Үдийн хоолоор дамжуулан авах ёстой болж таарах нь. Хүүхдийн эл язгуур эрх зөрчилдсөнийг ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлээс харж болно.
Тодорхой хэлбэл, ХЭҮК-ын гишүүд энэ жил хөдөөгийн сумдад ажиллаж, дотуур байруудад хяналт шалгалт хийжээ. Хүүхэд бүр зохистой хоол хүнсээр хангагдах эрх ямар ч тохиолдолд нэн түрүүнд тавигддаг. 22 дахь илтгэлд дотуур байранд амьдрах нэг сурагчийн хоолны зардлыг өмнө нь 3475 байсныг 4300 төгрөг болгосныг сайшаасан байв. Гэвч энэхүү зардлын төсөв нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан бодит байдалд хоолны зардалд хүрэлцдэггүйгээс гадна хүүхдийн хоол хүнсэнд хугацаа дууссан, хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж байгааг комиссын гишүүд тогтоожээ. Мөн өдрийн хоолонд зөвхөн нэг хоол өгдөг зэргээр хүүхдийг зохистой хоол хүнсээр хангуулах эрх нь зөрчигдөх нөхцөл үүссэн байж. Дотуур байрууд хоолны цэс, технологийн баримт бичгүүдийг үйлдсэн боловч хэзээ баталсан нь тодорхойгүй, тухайн өдрийн хоол нь баталсан цэсээс зөрүүтэй, илчлэг шалгасан мэргэжлийн хоолзүйчийн дүгнэлт гаргуулаагүй зэрэг дутагдал илэрсэн гэнэ. Тиймээс ХЭҮК “Зах зээлийн үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулан хоолны зардлын нормативыг тухай бүр шинэчлэн батлах шаардлагатай” гэсэн зөвлөмжийг илтгэлдээ тусгасан байна.
Мэдээлэлд дурдсанаар орон нутагт зарим сургууль үдийн хоолны нөхцөл байдлыг бүр дордуулжээ. Тухайлбал, орон нутагт дотуур байрт амьдардаг хүү ийн ярьсан аж. Тэрбээр "Манай дотуур байрын гал тогоо өглөө цагтаа онгойдоггүй. Өглөөний цайгаа эрт авах боломжгүй болохоор өдрийн хоол хүртэл өлсдөг. Тогооч нар харилцан адилгүй хоол хийдэг. Зарим нь амт чанаргүй хоол хийдэг" гэжээ.
Сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийн хэмжээ ЕБС-ийн дотуур байранд амьдардаг 7-10 настай хүүхэд хоногт 1735 ккал, 11-14 настай хүүхэд хоногт 2335 ккал, 15-18 настай хүүхэд хоногт 2490 ккал, Үдийн хоол иддэг 1-5 дугаар ангийн сурагчид 615 ккал илчлэг авах ёстой байдаг. Харин бид энэ хэмжээний ккал илчлэгийг хүүхдүүд өгч чадахгүй байгааг ШУТИС-ийн хоолзүйч эрдэмтэд нотлоод удаж буй.
Өнөөдрийн байдлаар манай төр ерөнхий боловсролын сургуулийн 382 000 сурагчийн Үдийн хоол, дотуур байрны 35 000 хүүхдийн хоолны зардлыг даадаг. Мэдээлэл бэлтгэх явцад нэг зүйл сэтгэл гонсойлгосон. Тэр нь зарим сургуулиуд цайны газраа бусдад түрээслүүлж, түрээслэгчид нь хүүхдийн Үдийн хоолны 1500 төгрөгөөс “шомбоддог” явдал юм. Тодорхой хэлбэл, хөдөө 55, нийслэлд 65, улсын хэмжээнд нийт 120 сургууль бусдад гал тогоогоо түрээслүүлдэг. Харин түрээслэгчид Үдийн хоол бэлтгэхдээ сурагчдын 1500 төгрөгөөс 446 төгрөгийг нь авч, ажилчдын цалин, тог цахилгаан, бусад унаа зэрэг урсгалд зардлаа хэрэглэдгийг “Статистик дэвшил” судалгааны байгууллага тогтоожээ. Уг нь төрөөс сургуулиудыг бодлогоор дэмжиж, гал тогооны тоног төхөөрөмж авч өгч, өөрсдөө ажиллуул гэсэн зөвлөмж өгсөн билээ.
Харамсалтай нь, зарим сургуулиуд бэлэн тоног төхөөрөмжтэй гал тогоогоо бусдад түрээслүүлж, хүүхдийн хоолны мөнгөнөөс “шомбодсоор” байгааг албаныхан нуусангүй. Хүүхэд бага насандаа шим тэжээлийн дутагдалд өртөж, өвчлөх үед эдгээх, эмчлэх нь эдийн засгийн хувьд ихээхэн зардалтай. Ийм учраас дэлхийн улс орнууд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг маш өндөр төвшинд ярьдаг. Энэ намар БШУЯ-наас хүүхдийн хоолны зардлыг нэмэх саналыг УИХ-д оруулсан ч гишүүдээс дэмжлэг авч чадаагүй юм. Хүүхдэд махан хоолноос гадна илүү шим тэжээлтэй ногоон навчит ургамал, шинэ жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүнийг зайлшгүй өгөх ёстой.
Жайка олон улсын байгууллагаас Өвөрхангай, Дундговьд хоёр үе шаттайгаар нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Олон улсын байгууллагаас 1-5 ангийн 250 сурагчийг эл судалгаандаа хамруулсан аж. Судалгааны дүнд нийт сурагчдын 90 орчим хувь нь D, A амин дэмийн дутагдалтай, үүнээс үүдэж кальци нь хоногт авах хэмжээнээсээ 3 дахин бага, ясны сийрэгжилт явагдаж эхэлсэн, нэмэлтээр сүү өгөх шаардлагатай гэх дүн гарчээ.
Судалгааны дүнг Өвөрхангай, Дундговь аймгийн удирдлагад танилцуулсан байна. Дундговь аймгийн Засаг даргын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 1-нээс аймгийнхаа хэмжээнд анхлан ЕБС-ийн дунд сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж долоо хоногийн гурван өдөрт сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэлтээр 1-5 дугаар ангийн сурагчдад олгож эхэлсэн байна.
Харин Японы ерөнхий боловсролын сургуулиуд бүгд Үдийн хоолтой. Хоолны материалын зардлыг эцэг, эхүүд даадаг бөгөөд бусад цахилгаан ус, тог, дулаан, ажилтнуудын цалин зэргийг нь төр нь даадаг ажээ. Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улс дэлхийн 185 орноос хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангаж буй байдлаар 78, хүүхэд хамгаалуулах эрхийг хангаж буй байдлаар 91, хүүхдэд ээлтэй орчныг бий болгож буй байдлаар 123-130 дугаар байранд оржээ. Ийнхүү хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, амьд явах эрх, эрүүл мэндийг хамгаалах, зохистой хоолоор хангах тал дээр дэлхийн дунджаас доогуур, сурч боловсрох, хамгаалуулах эрхийн хувьд дэлхийн дундаж түвшинд эрэмбэлэгдэж байгаа ХЭҮК илтгэлээ онцолжээ.
Ингээд өөрийн цайны газартаа 1500 төгрөгөөр Үдийн хоол бэлтгэдэг болон цайны газраа бусдад түрээслүүлж, 1200 орчим төгрөгөөр Үдийн хоол бэлтгүүлдэг улсын хоёр сургуулийн жишээг хүргэе. Залгуулаад Америк, Солонгос, Япон Улсын үдийн хоолны харьцуулсан мэдээллийг сонирхоорой.
Монгол Улс
Нийслэлийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн өөрийн цайны газартай. Тогооч, бэлтгэгч, угаагчийн цалинг төсвийн мөнгөнөөс олгодог. Ус цахилгаан дулааны урсгал зардлыг авдаггүй. 1500 төгрөгөөр хоолны түүхий эдээ л авдаг. Товчхондоо, 1500 төгрөг эзэндээ бүрэн бүтэн очдог.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль бусдад цайны газраа түрээслүүлдэг. Тус цайны газрынхан хүүхдийн үдийн хоолны 1500 төгрөгөөс ажилчдын цалин хөлс, ус, дулаан, цахилгаан, бусад урсгал зардлын мөнгийг авдаг. Ингээд үндсэндээ нэг хүүхдэд очих хоолны мөнгө 1200 орчим төгрөг болж хасагддаг.
АНУ-ын сурагчдын үдийн хоол ямар байдаг бол?
АНУ бага ангийн сурагчдын хоолны цэс баялаг байх учиртай гэж үздэг. Тухайлбал, Калифорни мужид арвин сонголт бүхий хоолны цэсийг долоо хоног бүр эцэг, эх рүү нь явуулдаг. Сурагчдаар өөрсдөөр нь хоол сонгуулдаг аж. Мөн хүүхэд нь ямар бүтээгдэхүүнээс харшилтай, эсэхийг заавал тодруулдаг.
БНСУ-ын сурагчдын хоол хамгийн амттай нь
БНСУ-ын бага сургуулийнхны хоол хамгийн амттай. Сурагчид хүүхдүүдийн хоолны цэсэд маш олон төрлийн ногоо, мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү тараг заавал оруулдаг. Хүүхдийг эрхийг зөрчихгүй, эрүүл хоол хүнсээр хангах олон улсын конвенцтой бүрэн дүүрэн нийцдэг.
Японы Засгийн газраас сурагчдын үдийн хоолны цэсэд заавал сүү оруулдаг
Сургуулийн үдийн хоолоор дамжуулан хоол шим тэжээлийн мэдлэг олгохыг чухалчилдаг. Хоол хүнсээр дамжуулан эрүүл мэнддээ анхаардаг. II дайны дараах хүнд хэцүү жилүүдэд ч сурагчдын талх, чанамал, сүү, загасны котлет, байцайны хачрыг таслаагүй. Сургуулийн үдийн хоолны стандартаа чанд мөрддөг. Ингэхдээ суралцагч тус бүрийн эрүүл мэнд, өдөр тутмын нөхцөл байдал, бүр бүс нутгийн онцлогийг нь анхаарч үздэг. Сургуулийн үдийн хоолны тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.