Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 651 мянга гаруй жуулчин хүлээн авсан. Нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд багагүй хугацааг үдсэн, жилд ихдээ 400-500 мянган гадаадын аялагч ирдэг орны хувьд дэлхий нийт цар тахлын хямралаас бүрэн гараагүй, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ярвигтай үед “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбараа богино хугацаанд сэргээж, түүхэнд байгаагүй олон зочин угтсан нь яалт ч үгүй онцгой үйл явдал болсон юм. Харин энэ онд “барьцаа ахиулж” нэг сая, 2025 он гэхэд гурван сая жуулчин угтан авах зорилт дэвшүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, Монгол орныг таниулах ажлуудыг хөрш зэргэлдээ болон аялал жуулчлалын зорилтот зах зээл бүхий орнуудад үе шаттай зохион байгуулсаар байна. Судлаач, мэргэжилтнүүд ч энэ жил өмнөх оныхоос давсан тооны жуулчин ирэх нь гарцаагүй, зорилтот үзүүлэлтдээ хангалттай хүрнэ гэж тооцоолж, таамаглах болов.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван одны зэрэглэлтэй зочид буудлуудын долоо, наймдугаар сарын урьдчилсан захиалга бараг дүүрчхээд буй гэнэ. 100 гаруй тур оператор компанийн гишүүнчлэлтэй нэгэн холбооны судлаач “Тав, дөрвөн одтой зочид буудлууд бараг олдохгүй шахам болж байна. 2024 оны зун, намар өнгөрсөн жилийнхээс ч бужигнаантай, хөл хөдөлгөөнтэй байх шинжтэй” хэмээн ярьсан юм. Түүнчлэн жуулчлалын ид үе долоо, наймдугаар сард болох Үндэсний их баяр наадам, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг томоохон арга хэмжээг үзэж сонирхох хүсэлтэй гадаад иргэдийн түрүүч нь аяллын агентлагуудад хандаж, захиалгаа баталгаажуулсаар буй гэх. Аялал жуулчлалын улирал хэдийн эхэлж, тур оператор, амралтын газар, жуулчны баазууд ажилдаа оржээ. Дээрх судлаачийн хэлсэнчлэн их бужигнаан удахгүй эхлэх нь. Үүнээс өмнө бид “сааль”-иа хураах саваа бэлтгэх, алдаа дутагдлаа засаж сайжруулан, жуулчдыг тав тухтай, сэтгэл хангалуун хүлээж авах, аялуулах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна. Манай улсад ирсэн жуулчны тоо 2023 онд урьд байгаагүйгээр өссөнтэй зэрэгцээд сорилт бэрхшээл цөөнгүй тулгарсан. Үндсэндээ бэлтгэлгүй байсан гэсэн үг. Энэ нь аялал жуулчлалынханд нэг талаараа туршлага болж, нөгөөтээгүүр, алдаа дутагдлаа олж харах боломжийг олгосон юм. Харин өнөө жил, цаашид ийм алдаа гаргахгүй байхад гойд анхаарах хэрэгтэй. Жуулчид бидний сул тал, алдаа дутагдлыг тэр бүр “харж үзэхгүй”.
ХАЛУУН УСГҮЙ, ХҮРТЭЭМЖГҮЙ БУУДЛУУД
2023 оны зургаа, долоодугаар сард нийслэлийн төвийн хэд хэдэн байршилд дулааны шугам сүлжээний засвар хийхээр болж тухайн орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хязгаарласан. Энэ хязгаарлалтын бүсэд хотын төвийн, томоохон зочид буудлууд багтсан нь жуулчдыг гонсойлгосон билээ. Аялагчид тав тухтай үйлчилгээ авах гэж л хотын төвийн, аль гайгүй гэсэн буудлуудад байрладаг тул энэ нь тэдэнд хүндээр туссан. Арга ч үгүй шүү дээ, төв суурин газрын, тэр дундаа хотын зочид буудал халуун усгүй байна гэдэг нь зочлох үйлчилгээний салбар өндөр түвшинд хөгжсөн өнөө цагт “онцгой” үйл явдал юм. Өмнөд Солонгос зэрэг манай орны аялал жуулчлалын “гол тоглогч” улсаас жуулчид хүлээж авдаг тур операторууд тухайн үед эл асуудлаар холбогдох байгууллагуудад санал хүсэлт, гомдол хүртэл гаргаж байсан. Даанч нааштайгаар шийдэгдээгүй. Уламжлал ёсоор өнөө жил ч Улаанбаатарт шугам сүлжээ засварын ажил энд тэндгүй өрнөж, хязгаарлалт тог тоох болов уу.
Зам засах нэрийдлээр эхнээсээ хаа сайгүй газар ухаад, шороон овоолго үүсгэчхээд буй. Энэ нь ч хотын өнгө үзэмжид, жуулчид саадгүй, аюулгүй зорчиход сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс жуулчлалын оргил үеэс урьтан хотын аяллын маршрутад багтдаг газар, томоохон зочид буудлууд байршдаг бүс дэх засвар, шинэчлэлийн ажлаа амжуулах хэрэгтэй. Амжуулахдаа аль болох богино хугацаанд, хэрэглэгчдэд төвөг чирэгдэл учруулахгүй байдлаар шийдэж, аргагүй тохиолдолд үйлчилгээний байгууллагуудад урьдчилж мэдэгдэх ёстой. Ингэж байж тэд эрсдэлээ тоо цоолно, шийдэх арга замаа бодно. Нийслэлийн хэмжээнд таван одны зэрэглэлтэй буудал ердөө ес байдаг гэнэ. Тэдгээр нь жуулчлалын улиралд хүний хөлд дарагддаг, хавар дөрөв, тавдугаар сараас эхлээд урьдчилсан захиалга нь дүүрчихдэг аж. Эндээс жуулчид тав тухыг хэр зэрэг чухалчилдаг нь, нөгөө талаас манай улс зочлох үйлчилгээний байгууллагынхаа үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарах хэрэгтэй нь харагдаж байна.
ХУЛГАЙЧДЫН ҮҮР
Монголд ирсэн жуулчдыг, ялангуяа хотын төвд аялж буй гадаадын иргэдийг урт гартнууд хашраагаад удаж байна. Улсын их дэлгүүр, Д.Сүхбаатарын талбай, Зайсан толгой, “Чингис хаан” үндэсний музей, “Нарантуул” худалдааны төв зэрэг жуулчид олноороо очдог газар, онгоцны болон автобусны буудлуудад халаасны хулгайчид үүрлэснийг аяллын компанийнхан, хөтөч, тайл барлагчид мэддэг болоод ч багагүй хугацаа өнгөрч. Гэвч тэд яаж ч чадахгүй, жуулчдаа тэднээр “шоглуулсаар” буй юм. Гадаадын иргэд бусдад эд зүйлээ хулгайлуулсан гэмт хэрэг өнгөрсөн онд 14 удаа бүртгэгдсэнийг ЦЕГ-аас мэдээлсэн. Монголд аялах хугацаандаа гар утас, түрийвчээ суйлуулж, эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээрээ хохирсон жуулчдын зарим нь хэрхэн хулгайн гэмт хэргийн хохирогч болсноо олон нийтийн сүлжээгээр бусадтай хуваалцаж, нутаг нэгтнүүддээ, манай улс руу аялах төлөвлөгөөтэй хүмүүст сэрэмжлүүлэх болсон.
Ялангуяа солонгос жуулчид “Монгол бол эрсдэлтэй орон” гэсэн мессежийг түгээсээр байгаа. Тиймээс аялал жуулчлалын байгууллагууд жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. “Монголд зочлох жил” санаачилга, “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн зун нийслэлд 150 гаруй залуусыг энэ чиглэлээр ажиллуулсан. Өнөө жил үүнийгээ илүү өргөн хүрээнд, эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Солонгосчууд аливаа буруу булхай үйлдлийг таслан зогсоохын тулд нэгдсэн шиг нэгдэж, тэмцсэн шиг тэмцэж чаддаг ард түмэн гэдгээрээ сайны жишиг болдог. Тэгвэл халаасны хулгайч нараа дийлдэггүй бидний энэ нунж дорой байдал ч тэднийг Монголоос “үргээхэд” хүргэх вий гэх болгоомжлол байна. Тус улсаас жуулчин хүлээж авдаг нэгэн тур оператор компанийн менежер “Тэд бидэн шиг хүлцэнгүй биш, аливаад маш мэдрэг ханддаг хүмүүс. Дургүй нь хүрвэл нийтээрээ эсэргүүцэж, наашаа ирэхээ больж ч мэднэ” гэсэн юм. Манай улс солонгос жуулчдыг татах бодлого барьж буй тул тэдэнд нийтлэг тулгамдсан асуудлыг шийдэхэд ч анхаарах хэрэгтэй. Ташрамд сануулахад, өнгөр сөн жилд манай улсад ирсэн жуулчдын 30 орчим хувь нь солонгосчууд байсан юм.
ОРОН НУТГИЙН “ОЛДДОГГҮЙ” НИСЛЭГ
БОАЖЯ, ЗТХЯ-ныхан “Орон нутгийн есөн чиглэлд нислэгээ сэргээлээ”, “Дотоодын нислэгийн тийзийн үнийг 2-3 дахин хямдрууллаа” гэсэн сурталчилгааг өнгөрсөн оны зунаас хойш хийж байгаа. Гэвч Улаанбаатараас орон нутаг руу үйлддэг нислэг урин дулааны цагт гадаадын жуулчдад хүртээмжгүй хэвээр буйг аялал жуулчлалынхан хөндсөөр байна. Эл салбарт ажилладаг хүмүүс “Орон нутгийн нислэггүй “Go Mongolia” хэмээх товч тайлбар (хаштаг) ашиглан ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлэх болсныг уншигчид ан заарсан байх. Өнгөрсөн жилийн үйл явдал энэ зун, намар давтагдаж болзошгүй учраас бизнес эрхлэгчид ийнхүү бухимдлаа илэрхийлж буй хэрэг. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд төлөвлөгөөт нислэгээ цагийг нь тулган цуцалж, жуулчдыг хохироох явдал сүүлийн үед гаарсан нь аялал жуулчлалынхныг мөн л бухимдуулах болж. Яг энэ цаг үед гэхэд МИАТ ТӨХК зуны цагийн хуваарьтаа тусгасан зарим чиглэлийн нэмэлт нислэгээ цуцалснаас бөөн асуудал үүсээд байгаа гэнэ. Тодруулбал, тус компани Улаанбаатар-Мөрөн чиглэлд ням гарагт үйлдэхээр төлөвлөсөн нэмэлт нислэгээ цуцалснаас болж суудлаа баталгаажуулсан компаниуд хохироод буй аж. Ийм тодорхой гүй, бүрхэг байдал жуулчид болон тур оператор компаниудын дунд зөрчил үүсгэж, аялагчдын сонголтод сөргөөр нөлөөлдөг.
ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭ
Жуулчны тоо урьд байгаагүйгээр өсөж, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдсэний хэрээр эл салбарт үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол нүүрлэж эхэлсэн. Амралтын газар, жуулчны баазууд үйлчилгээний үнээ нэмснээс эхлээд аялагчдыг тээвэрлэдэг жолооч нар аманд орсон дүнгээ хэлдэг болсон юм. Өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард орон нутаг руу зорчих “Фургон” ч олдохоо байсныг хөтөч нар хэлж байлаа. Ирэх зун бас л ийм асуудал үүсэх магадлалтай. Даарин дээр нь давс гэгчээр Авто тээврийн үндэсний төв энэ оноос эхлээд 12-оос дээш жилийн настай, буруу талдаа жолооны хүрдтэй, В ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч нарт жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгохоо больсон. Гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тээврийн үйлчилгээг цэгцлэх нь чухал ч аялал жуулчлалын улирал хаяанд ирсэн үед урьдчилан мэдэгдэлгүй, хугацаа өгөлгүй ийм шийдвэр гаргасан нь зохисгүй юм. Энэ нь хомсдол, хөөрөгдлийг даамжруулах эрсдэлтэй. Манай улсад жуулчин тээврийн үйлчилгээнд явж буй автомашинуудын 70 гаруй хувь нь 12 болон түүнээс дээш настай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Энэ мэтчилэн дурдвал аялал жуулчлалын салбарт шийдэх, анхаарах асуудал их байна. “Монголд зочлох жил” хэмээх үндэсний хэмжээний санаачилга гаргаж, үүнийгээ олон улсад имиж болгон сурталчилж буйн хувьд бид жуулчдад ээлтэй, аюулгүй, таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө бүх хүч чадлаараа хичээх хэрэгтэй.