УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд завгүй яваа. МАН-ын бүлэг өнгөрсөн сард хуралдаагүй, АН-ынхан ч тэдний араас орсон. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дарааллаас намуудын бүлгийн хуралдааныг бүр хассан байна. Нэмээд нэгдсэн чуулганы хуралдаанаа ч хийхгүй гэжээ. Зөвхөн байнгын хороод л хуралдах аж. Сонгуульд хамаг анхаарал, ухаанаа хандуулсан гишүүдэд тогтож суун, төрийн бодлого хэлэлцэн шийдэх “зав” алга. Нийслэл хотоос сонгогдсон хэд нь л бууриа сахиад үлдсэн байна.
Хийсэн ажлаа танилцуулах нэрээр УИХ-ын олонх гишүүн ирэх сонгуулиар нэр дэвших тойрогт нь багтаж буй аймгуудад “тархи угаах”-аар очицгоожээ. Сөрөг хүчин, гуравдагч намуудын зүгээс “Эрх баригчид илт сонгуулийн сурталчилгаа хийж байна” хэмээн хэчнээн мэдэгдэж, гоншигноод ч нэмэргүй нь. Тэд хуулийн хүрээнд “ажиллаж” буй учраас тэр. Уг давуу эрхийнхээ хүрээнд он гарснаас эхлэн хийсэн сонгуулийн сурталчилгаа нь энэ долоо хоногт бараг “өндөрлөж” байгаа бололтой.
“ЛАЙВЧИН” УЛС ТӨРЧИД
Нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон, одоо дахин тэндээ нэр дэвших гэж буй гишүүдийн хувьд тойрог нь ойрхон, бас технологийн дэвшлийг ашиглах боломж илүү байгаа юм. Хот, суурин газрын сонгогчид цахим орчинд илүү идэвхтэй учраас зөвхөн гишүүд гэлтгүй горилогчид ч нийгмийн сүлжээг ашиглан өөрийгөө таниулах, хийсэн ажлаа тайлагнах, ярихаар дорвитой юм хийгээгүй бол ядаж гоё, ухаантай үгтэй пост “шидсэн” шиг сууж байна.
Мөн лайв буюу шууд дамжуулалт хийдэг нэг гол арга бий. Сонгууль дөхмөгц улс төрчид цахим хуудсаа илүү идэвхтэй ажиллуулж, байн байн лайваар үзэгдэх болов. Тухайлбал, гишүүн П.Анужин уржигдар лайв хийлээ. “Хариулъя: Засвар хийлгэсэн үү” гэсэн гарчигтай. Эрхэм гишүүнийг гоо сайхны мэс засал хийлгэж, хамраа өндөрсгөсөн тухай нэг хэсэг цахим сүлжээнд шуугьсан. Тэр гоо үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй мөн үү гэвэл тийм. Бас хүсвэл хувь хүн өөрийнхөө биеийг яаж ч өөрчилж болно, энэ бол түүний эрх. Гэвч манай улс төрчид, олны танил хүмүүс энэ мэт “явган хов”-ыг өлгөж авч, тайлбар хийснээрээ улам дэврээгээд байдаг гэмтэй. П.Анужин гишүүн ч гоо сайхны мэс засалтай холбоотой ярианд өмнө нь нэг удаа постоор, удаад нь ийнхүү лайв хийж тайлбар өгчээ. Харамсалтай нь, ийм сенсацаар л хүмүүсийн анхаарлыг татахаас өөр гийгүүлсэн ажил түүнд үгүй аж. Гарчиг нь хэрэгт дуртай хүмүүсийг цуглуулсан нь мэдээж, тэгмэгц дундуур нь өнгөрсөн хугацаанд санаачилсан, хамтарч өргөн барьсан хууль тогтоомжоо ярьсан байна. “Гишүүд бүгд хийсэн ажлаа тайлагнаж байна, би ч бас долоо хоногт 2-3 удаа товчхон лайв хийгээд явна” гэв. Сүүлийн хэдэн Засгийн газар хийх гээд чадахгүй явсан Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг П.Анужин гишүүн ажлын хэсгийг ахалсны хүчинд л батлуулсан юм байх. Дөрвөн жилийн турш үе үе ач холбогдолгүй, сонин санаачилга гаргаж шүүмжлүүлснээс өөрөөр хэлгүй, дүлий мэт суусныгаа тэрбээр “Чимээгүй байх нь ажил хийгээгүй гэсэн үг биш, хууль боловсруулах үйл явц дээрээ ажиллаад, хугацаанд нь тайлагнах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Энэ мэтээр УИХ-ын гишүүдтэй сонгуулийн сурталчилгаа дуустал бид байнга лайваар уулзах бололтой. Зөвхөн гишүүд ч биш, улс төрчид технологийн эл давуу тал, нийгмийн сүлжээг ашиглан, байнга сонгогчидтой уулзаж буй. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн бичлэгт оролцож, хөшигний ард өрнөсөн зарим нууцыг задалсан нь ч анхаарал татаад байна. Горилогчдын лайв уулзалт ийнхүү эрчимжих нь.
АНДУУРСАН ГОРИЛОГЧИД
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9-д “Парламентын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэсэн заалт бий. Мөн хийсэн ажлаа танилцуулах зорилгоор сонгогчидтой чөлөөтэй уулзах эрхийг тэдэнд хуулиар олгосон юм. Тиймээс УИХ-ын гишүүдэд маш том давуу эрх үүссэн гэсэн үг. Тэд хийсэн ажлаа танилцуулах нэрээр он гарснаас хойш л нэр дэвших тойрогтоо ажиллаж байна. Мөн энэ удаа сонгуулиар улсын хэмжээнд бүсчилж томсгосон 13 тойрог байгуулсан. Хуульд зөвхөн парламентын гишүүд тайлангаа танилцуулж болно гэснээс байршил, тойрог заасангүй. Тиймээс 3-4 аймгийг нэгтгэсэн тойрогт нэр дэвших эрхмүүд өнгөрсөн дөрвөн жилд өөрт нь хамаагүй, хүртээлгүй байсан газарт ч ажиллаж яваа юм. Тэд бүрэн эрх, хуулиар олгосон давуу талаа ашиглан сонгуулийн сурталчилгаа хийж байгааг АН-ынхан ч, гуравдагч хүчний намуудаас ч шүүмжилж буй. Гэхдээ сонгогчид хэрсүү болж буй учраас гишүүдийн хийсэн ажлын тайлан нэртэй сурталчилгаанд нь тархиа угаалгах хүн цөөрсөөр байна.
Үнэндээ мөнгө, цаг зарцуулан байж хийсэн тэр тайлангуудыг бүрэн уншиж, судалдаг сонгогч хуруу дарам цөөн. Зарим нь шууд л хогийн сав руугаа шиддэг. “Уг хүнийг нь мэдээд байхад л сүү шиг пост нийгмийн сүлжээндээ оруулаад байх юм” гэдэг дээ. Дөрвөн жилийн турш намынхаа бодлогын асуудалд товчлуур дарахаас өөр шидгүй, чив чимээгүй суусан, хийсэн тоймтой ажилгүй гишүүд болон хууль зөрчсөн, элдэв гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйгүй үйлдлээрээ бусдыг жигшээсэн улс төрчид хэчнээн гоё ярьж, тайлан тавьсан ч хүмүүс итгэхгүй. Сонгууль дөхмөгц гэнэт хэлд орж, хийсэн, бүтээсэн, амжуулсан ажил ихтэйгээ гайхуулах яриаг нь ч сонсох хүн олдохгүй биз. Тэдний үнэн дүр төрхийг сонгогчид ялгаж, салгаад ойлгочихно. Гэвч хэн ч уншихгүй, бас итгэхгүй цаас хэвлүүлж, үргүй зардал гаргаж байснаас цахимаар тайлангаа тавьсан нь дээр. Ядаж л цаас үрэхгүй, байгальд ээлтэй сурталчилгаа болно.
УИХ-ын гишүүд ийнхүү авирлаж байх зуур зарим горилогч байр сууриа “андуурч”, тэдэнтэй барьцан сэтгүүл, сонин тарааж явна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлэх гэж байгаа бололтой. Тэрбээр тус дүүргийн хороодоор өөрийн зурагтай сэтгүүлээ тараалгажээ. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан өөрийгөө сурталчилж буй юм байх. Мөн АН-ынхан сонгуульд зориулсан “Ардчилал таймс” сонингоо тараагаад эхэлсэн байна лээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн зургаар голлосон сонинг өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн айлуудаар тараажээ. Бас л нэр дэвших гэж буй горилогч бололтой юм. Энэ бүхэн нь үнэндээ хууль зөрчсөн үйлдэл болно. Хуулиас гадуур сурталчилгаа хийж яваа горилогчдод холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулж буй гэж найдна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 15-20-нд өрнөх юм. Албан ёсоор нэр дэвшигчид тодроход долоо хоног л үлдэж байна. Улмаар энэ сарын 25-ны дотор нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлэг, үүнтэй холбоотой лавлагаа болон холбогдох бусад бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлэх учиртай. Тэгэхээр УИХ-ын гишүүний ажилдаа сонгуулийн сурталчилгааныхаа заваар ч анхаарах хүнгүй болно. Тиймээс нэр дэвшигчид тодрохоос өмнөх сүүлийн долоо хоногт парламентын гишүүд амжуулж тойрогтоо ажиллахаар ийнхүү УИХ-ын бүлэг, нэгдсэн чуулганы хуралдааныг ч “амраасан” байх нь. Уг нь хаврын чуулганыг энэ сарын сүүлчээр буюу нэр дэвшигчдийг тодруулж дуусах хугацаатай зэрэгцүүлэн завсарлуулахаар төлөвлөж буй юм билээ. Гэвч тэр болтол үндсэн ажлаа хийх хүн бараг олдохгүй нь.
Сонгууль хэдийн эхэлчихсэн, бүр УИХ-ын гишүүдийн хувьд сурталчилгааны ажил нь “дуусаж” байгаа юм биш үү. Он гарснаас эхлээд тэд тойрогтоо ажилласан, өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа сонгогчдод тараачихсан, уулзалт, ярилцлага, суртал ухуулгаа хийчихсэн. Өөрөөр хэлбэл, тэдэнд сонгуулийн сурталчилгаагаа хийх хагас жилийн хугацаа байжээ. Харин гишүүн биш зарим улс төрч болон бусад нам, эвслийн горилогчид сонгуулийн сурталчилгааны 17 хоног л бий. Тойрог том, сурталчилгааны өдөр бага. Тэгш гараа, тэгш эрхийн тухай яриад ч хэрэггүй. Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү эрхтэй гэдэг дээ. Шударга биш, гэвч сонгуульд эртнээс бэлдэж, өөрсдөдөө зориулан баталсан цагаан дээр хараар бичсэн хууль байхад яах ч аргагүй нь.