-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 21 байр ухарчээ-
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, мэдээллэх үүргийнхээ төлөө ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг төв талбайд зохион байгууллаа. Тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх бус, тэмцэх шаардлага үүссэн учраас сэтгүүлчид гартаа гав зүүж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг жил бүр танилцуулдаг. Монгол Улс 2024 онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр анхаарал хандуулах аюултай ангилалд багтсан бөгөөд 180 орноос 109-д эрэмбэлэгджээ. Өнгөрсөн онд 88-д бичигдсэн бол энэ удаа 21 байр ухарсан байна.
Жагсаалын үеэр Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Монголын төр засагт ирүүлсэн ил захидлыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар уншиж танилцуулсан юм. Захидалд “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээх гэсэн заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь зүйтэй гэж хатуу мэдэгдэж байна. Бусад улсад үүнтэй төстэй хуулийн заалт нь хэвлэлийн эрх чөлөөнд аюул, занал учруулах шалтгаан болдог. Сэтгүүлчдэд хөндлөнгийн оролцоогүйгээр ажлаа хийх боломжийг олгож, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг ханган ажиллахыг Монголын Засгийн газарт Олон улсын сэтгүүлчдийн холбооноос удаа дараа шаардлага, хүсэлтээ илгээж байсныг дахин сануулъя” гэжээ. Энэ шаардлагыг МСНЭ-ийнхэн холбогдох албаныханд уламжилсан гэнэ.
“Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” уриан дор нэгдэж, төв талбайд цугласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын байр суурийг сонслоо. МСНЭ-ийн цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар “Бид урьд нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баярлаж өнгөрүүлдэг байсан. Харин энэ удаа баярлахгүй. Жилээс жилд хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, үнэнийг хэлсэн, баримт дэлгэсэн, шүүмжилсэн сэтгүүлч бүр цагдаад дуудагддаг, шалгуулдаг, яллагдагчаар татагддаг боллоо. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 буюу хувь хүн болон байгууллагын алдар нэр төр, алдар хүндэд халдах гэсэн заалтаар сэтгүүлчдийг хэрэгт татаж байна. Уг нь төрийн байгууллагад алдар нэр гэж байх ёсгүй. Яагаад гэхээр даргын алдар л гэж байдаг. Мөн дарга юм уу, албан тушаалтан л алдаа гаргадаг. Харин хувийн хэвшил бол өөр. Худал, ташаа мэдээллээс болоод бизнесийн үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй. Хувийн хэвшлийнхэнд зориулсан гэж хэлж болохуйц хуулийн энэ заалтаар төрийн байгууллагынхан, нийтийн албан тушаалтнууд нэр төрд халдлаа гэж гомдож, сэтгүүлчдийг яллуулах гэж улайрч байна. Хууль, хяналтын байгууллагынхан улс төрч, албан тушаалтнаас ирүүлсэн гомдлыг шалгаж байна гэж удаашруулж, сэтгүүлчдийг залхаадаг. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас МСНЭ-д албан мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд “Сэтгүүлчид мэдлэг, чадваргүй байна. Сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлд ажиллаач” гэжээ. Сэтгүүлчид чадваргүйдээ биш, улс төрчид олноороо гомдоод байгаад асуудал бий” хэмээн ярив. Харин Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Б.Нямдорж “Ардчилалгүй оронд хэвлэлийн эрх чөлөө гэж яриад хэрэггүй. Ардчиллын амин сүнс бол хэвлэлийн эрх чөлөө. Сэтгүүлчдийг муухай харагдуулах ажлыг улс төрчид олон жил хийсний дүнд хэвлэлийн эрх чөлөө нь аюултай байдалд хүрсэн, их, дээд сургуульд энэ мэргэжлээр суралцах хүнгүй болжээ. Оюутнууд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэж ярьж байна. Залуу сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж яваад шоронд хоригдох вий гэх айдастай болжээ. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулиар өдөр тутмын сониныг төрийн байгууллагууд захиалахыг хориглож, үйл ажиллагааг нь боогдуулж байна. Бусад орны жишгээс харахад тогтмол хэвлэлийг тусгаар улсын мэдээллийн гол суваг гэж үздэг юм билээ. Бизнесийн байгууллагууд нь бодлогоор дэмждэг. Харин манайхан дотоодын хэвлэлээ тоохгүй, мөнгөө гадагшаа урсгадаг” гэв. Эл жагсаалд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудаас гадна, их, дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нар нэгдсэн юм. Тэдний нэг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Одмандах “Манай хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин дутмаг байгаа нь бүх л зүйлд ажиглагддаг. Ирээдүйн сэтгүүлчдийн ажиллах эрх зүйн орчин таатай болоосой гэж хүсэж энэ жагсаалд нэгдлээ. Хууль, эрх зүйн хамгаалалтгүй орчинд залуу сэтгүүлчид ажиллахаас татгалзаж байна. Сэтгүүлчид ёс зүйн талаасаа алдаа гаргахгүй байлаа ч хууль, шүүхээр далайлган амыг нь хаах болсон. Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Гэтэл Эрүүгийн болон бусад хуульд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан заалт олон. Үүний зэрэгцээ төрийн бүх байгууллага Хэвлэл мэдээллийн албаараа дамжуулан зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллээ хэвлэлээр гаргахыг шаардаж байна. Таалалд нь нийцээгүй мэдээллийг олон нийтэд ил болгосон сэтгүүлчийг гүтгэсэн, нэр төр, нууцад халдсан зэрэг шалтгаар буруутгах нөхцөл бүрдсэн нь аюултай. Цаашид төрийн байгууллагууд эрх мэдэл нь хэтэрсэн, данхгар бүтэцтэй олон нийтийн албатай байх, эсэхийг зохицуулах шаардлагатай” хэмээн ярив.
Монголд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулахад маш хүнд байгааг сэтгүүлчид онцолсон. Мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж, нэг мэдээ бичсэнийхээ төлөө маргааш нь цагдаад дуудагдах, эх сурвалжаа хэлэхгүй бол гавлаад шоронд явуулна гэсэн хүчирхийлэл, дарамт дунд ажиллаж байгааг хэлэв. Тухайлбал, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч Ч.Үл-Олдох “Сонин, сэтгүүлийн мэргэжлийн хариуцлагатай редакцын бэлтгэсэн мэдээлэл олон шалгуур давсан, баримтад тулгуурласан байдаг. Гэтэл төрийн байгууллагуудад тогтмол хэвлэл захиалахыг хориглосон нь дарга нар мэргэжлийн редакцын бэлтгэсэн баримттай мэдээллийг унших, харах дургүй байна гэсэн үг. Сошиалын цуурхал руу нийгэм, улс орноо түлхэж буй. Цахим орчин дахь баримт нотолгоогүй мэдээллүүд улс орны тогтвортой байдлыг гажуудуулах ч эрсдэлтэй. Улс төрч, эрх мэдэлтнүүдийн увайгүй энэ үйлдэл иргэдийг харанхуй байлгах замаар сошиалд ажиллуулж буй троллуудын хэмжээнд сэтгүүл зүйг буланд шахаж байна” гэлээ. Хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө МСНЭ шат дараатай арга хэмжээ авахаа энэ үеэр мэдэгдсэн юм.