1974 онд нэгэн тариачин худаг ухаж байгаад шавар дайчдыг олжээ
Монгол, Хятадын сэтгүүлчид дөрөө харшуулан хоёр орны түүхэн аялал жуулчлалын газрууд, хөгжил цэцэглэлт, нэгдэн орсон “Бүс бас зам” санаачилгын хэрэгжилттэй танилцдаг уламжлал тогтоод буй. Энэ уламжлалын дагуу Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулан өмнөд хөрш түүхэн аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байгаа, шинжлэх ухаан, технологи, эрдэмтэн судлаачдаа өөд нь татаж, байгаль, экологио яаж тордон арчилж, улс орноо ядуурлаас гаргаж буйг танилцууллаа. Монголын телевиз, сонин, сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл багтсан 24 хүн МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяраар ахлуулан өмнөд хөршид зорчсон юм. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэртэй хамтарсан сурвалжилгын багийнхан илчит тэргээр Эрээнийг зорьж, өмнөд Монголын түйрэн дундуур Хөх хотод автобусаар хүрч, цаашаа агаарын хөлгөөр цаг гаруй ниссээр бид БНХАУ-ын Шааньси мужийн Ши Ань хотноо хүрлээ.
Шөнийн тэнгэрт одод түгж, саран авхай нь гэрэлтэн угтсан 23.00 цагийн үе хэдий ч агаарын хэм нь20-иодыг заасан бүгчим хот ажгуу. 160 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, 36 сая хүнтэй энэ мужийн нэрийг Уулын баруун муж хэмээн орчуулдаг юм байна.
ШАВАР ЦЭРГЭЭР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ЧИНЬ ШИХУАН ХААНЫ ОНГОН
Хятадад шавар цэргүүдийн баримал олдож, түүнийг нь археологийн, түүхэн дурсгалт газар болгон аялал жуулчлалаа хөгжүүлж байгааг дуулаагүй хүн ховор биз. Сонсоогүй нэг нь Холливудтай хамтарсан зарим уран сайхны киноноос нь ч үзсэн байлгүй. Энэ шавар цэргийн баримал оршдог Ши Ань хот бол түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, дотоод, гадаадын жуулчдыг урин дуудаж, үзүүлэн танилцуулахдаа нүүр бардам ажээ.
Хятадын эртний хотын нэг Ши Аньд түүхэн дурсгалт газрууд олон. Үүндээ түшиглэсэн аялал жуулчлалыг ч сайтар хөгжүүлсэн байна. Энэ хотын түүхэн дурсгалт газруудын хамгийн эхэнд нь Чинь Шихуан хааны онгон жагсана. Хэдийгээр энэ бунхныг ухаж хөндөөгүй ч гэлээ хамгаалагчаар хамтад нь онголсон шавар цэргүүдийг нь нээн, сэргээн засварлаж жуулчдын нүдийг хужирлаж, мөнгө олж байгаа юм. Харин Чинь Шихуан хааны 2200 жилийн настай бунханд огт хүрэхгүй байгаа нь үхлийн аюултай занга байх магадлалтай гэсэн эртнээс ам дамжиж ирсэн яриа байдаг учраас археологичид булшийг зориглож нээхээс зүрхшээдэг хэмээн хөтөч, тайлбарлагчид нь бидэнд ярьж байлаа. Өөрөөр хэлбэл, мөнгөн ус, хордуулагч бодис, эсвэл харвах төхөөрөмжүүд булшинд байж болзошгүй учраас хүрэхээс эмээдэг гэнэ.
Манай тооллын өмнөх 221-210 онд төр барьж байсан Чинь Шихуан хааны бунхныг “хамгаалж” олон шавар цэргүүд хийж булшилсныг Теракота дайчид гэдгээр нь дэлхий дахинаа мэдэх болсон. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй энэ газар жуулчдын хөлд ихээр дарагддаг юм билээ. Үүнийгээ түшиглээд маш том музей, археологи, сэргээн засварлах судалгааны төв байгуулснаар жуулчид бүр ч ихээр зорих болсон аж. Чинь Шихуан хааны онгоны шавар цэргүүдийг анх 1974 онд нэгэн тариачин худаг ухаж байгаад олж илрүүлснээр судалгааны эргэлтэд оруулж, БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, сэргээн засварлаж эхэлснээс хойш “Дэлхийн найм дахь гайхамшиг ”, “ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг” гэх зэргээр нэрлэж ирсэн байна.
“Хамгаалагч” шавар цэргүүдийг анх олж ухаж гаргаж ирэхэд хятад хүн шиг шарангуй царайтай, хар, бор нүдтэй, гутлынх нь улны ширээсийг хүртэл маш тодоор урласан нь ихэд тодорхой байсан гэнэ. Гэвч булшийг нээн нар, салхинд ил гаргаснаар баримлуудын өнгө хувирч, харлан өгөрших болсон тул Хятадын төр засгаас түүхэн дурсгалаа хамгаалах үүднээс маш их хөрөнгө зарж, байгууламж барьсан нь өдгөө музейн статусаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс монголчууд ч сургамж авч Архангайгаас олдсон, Чинь Шихуан хааны онгонтой нэгэн цаг үеийнх гэхэд хилсдэхгүй, Хүннү гүрний Луут хотын балгасыг ч ийм байдлаар хамгаалан сэргээн засварлаж, дэлхий дахинаа сурталчилбал гадаад, дотоодынхны нүдийг хужирлахын зэрэгцээ Засгийн газрын нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг өлхөн хангачих арга биш гэж үү. Чинь Шихуан хааны онгоны музей гэхэд нээгдсэнээсээ хойш олон сая жуулчин хүлээн авчихсан юм билээ. Өдөрт 30-40 мянган хүн ирж үздэг хэмээн хөтөч, тайлбарлагч нар нь тайлбарлаж байсан ньманайх ч боломжоо ашиглавал өдий тооны жуулчин татаж болох мэт санагдав.
Энэ онгон музей гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт нь шавар цэргүүд буюу Теракота дайчдын жагссан баримлууд байрлана. Ойролцоогоор 8000 орчим бий гэж үздэг эдгээр шавар цэрэг “жагсаасан” эхний хэсгээс гадна тэдний удирдлагын байр байсан болов уу гэмээр, хоёр дахь байгууламж бий. Орчин үеийн зэвсэгт хүчний командын байр шиг энэ хэсэгт офицер, ахлагч, жанжлагчдын баримал бий. Гурав дахь нь морин цэргийн, хаан, түүний хамгаалагчийн хуягласан жууз тэрэг бүхий хэсэг байв.
Эл бунхан музейд 1978 онд бүтнээрээ, эвдэрч гэмтээгүй олдсон хагас суусан цэргийн баримлыг залжээ. Цэргийн их, бага түшмэд, харваачид, морин цэргүүдийг сэргээн засварлаж залсан ньч байсан юм. Энд археологичид, сэргээн засварлагчид нь жуулчдын нүднээ ил суугаад шавар цэргүүдийн, морьдын гэмтсэн, хэсгүүдийг засаж сэлбэн, анх байснаар нь болгоод тусгай хэсэгт байршуулж буйг ч харах боломжтой юм билээ. Теракота дайчдын олонхынх царай дахин давтагдаагүй, өөр, өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн байдаг хэмээн тайлбарлагчид нь өгүүлсэн бөгөөд зарим нь сахалтай, инээвхийлсэн дүртэй байх бол хүүхдээрээ шахам болов уу гэмээр ч баримал бий. Олонх нь үсээ дээрээ овоолсон байснаас гадна цэргийн түшмэд, дарга, занги нь малгай, дуулга сэлтээрээ бусдаасаа ялгарч буйг хөтөч бидэнд танилцуулсан юм. Эдгээр дайчны нурууны өндөр жигд, зарим нь махлагдуу байсан нь тухайн үедээ цэргийн насанд хүрсэн 16-46 насныхныг албанд татдаг, мах, мяраатай нь бяр хүчтэй гэж үздэгтэй холбон өгүүлсэн юм. Теракота дайчдын баримлыг ваар хийдэг технологиор урласан гэдгийг ч тайлбарлагч нь бидэнд танилцуулж байлаа.
ТАН ГҮРНИЙ НОЙРГҮЙ ХОТОД БУМ БУЖИГНАНА
Ши Ань хот шөнийн гудамжаа Тан гүрний нойргүй хот хэмээн нэрийдэх аж. Манай нийслэлийн хуучнаар Хүүхдийн-100 дахь шөнийн гудамж гэж хэлж болохуйц. Гэхдээ нөхцөл байдлын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. Улаанбаатарын шөнийн гудамжны амьдрал бол автомашины түгжрэл, согтуу хөлчүү залуусын орилоон, энд тэнд нус, цэрээ хаясан, зарим тохиолдолд “морь харсан” хүнтэй ч таардаг. Тан гүрний нойргүй хот бол бидний мэдэх Тансан ламын баруун этгээдэд зорчихдоо залсан ном бүхий Да Яньта суваргаас эхлэн 2.1 км үргэлжилсэн, 500 метр өргөнтэй гудамжнаа оршино. Энэ гудамж үнэхээр л хүмүүс нь унтдаггүй юм уу гэлтэй шөнө болтол олны хөлд дарагдаж байдаг аж. Хэд хэдэн газарт зассан тайзнаа дуучид, бүжигчид уран бүтээлээ толилуулж, гудамж дагуух түргэн хоолны газрууд үйлчлүүлэгч олонтой байх юм. Өдөрт 100 000 хүн хөлхдөг эл гудамжийг 2019 онд төрийн дэмжлэгээр засаж шинэчилснээр ийнхүү хотын иргэд төдийгүй, гадаадын аялагчдыг ч татах хэсэг болжээ.
Энэ гудамжнаас холгүй Чань-Анийн арван хоёр цагийн гудамж хэмээх тусгай байгууламж бий. Эртний Тан гүрний үеийн амьдралын онцлог, ший янгууг 24 000 ам метр талбай бүхий худалдаа, үйлчилгээ, үзэсгэлэнгийн төвд бүрдүүлсэн байна. Тан гүрний үед ашиглаж байсан хугацаа хэмжих цаг, тухайн хотын хэрэм дотор хаана, хэн амьдран суудгийг илтгэх, үзэсгэлэнгийн танхим бүхий эл төвөөр зочилсон хүмүүс хөгшин залуу, хөрөв нялх гэлтгүй хүсвэл эртний хувцсыг нь өмсөж, үс засалт, будаг шунхаар нь зүсээ гоодож, эмэгтэй нь духандаа эрвээхэй зуруулаад тухайн байгууламжаас гартлаа ийм дүртэй явах боломжтой. Монголын сэтгүүлчдээс 24 цаг.мн, фокус.мн цахим мэдээллийн сайтын сурвалжлагч охид Тан гүрний бүсгүйчүүдийн дүрд хувирсан нь зохион байгуулагч Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы болон Шааньси мужийн Ардын засгийн газрын хэвлэлийн албаныхны төдийгүй эдгээр гудамжаар яваа гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Чань-Анийн арван хоёр цагийнхаас гадна Исү нийгэмлэгийн соёлын гудамжнаа жүжигчилсэн тоглолтууд хэд хэдэн газарт явагдаж, Тан гүрний үеэс уламжилж ирсэн хоол, хүнсийг ч амтлах боломжтой Шааньсигийн аялал жуулчлалын нэгээхэн хэсэг болгож хөгжүүлжээ.
ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ БАЙСАН ХЭРМЭЭ Ч ЖУУЛЧДЫГ ТАТАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖЭЭ
Ши Аньд очиход эртний хотын ханан хэрэмтэйгээ гарцаагүй танилцуулна. Хятадын түмэн газрын Цагаан хэрмээс жижиг, хотыг хамгаалдаг ч гэлээ дэлхийн хамгийн эртний цэргийн хамгаалалтын системийн нэг хэмээн хөтөч бидэнд өгүүлсэн юм. 12 метр өндөр, 12-14 метр өргөн, 14 орчим км урт хэрмийг тойроод усан суваг бий. Хэрмийг үзэж сонирхохыг хүсэгчдийг 09.00 цагаас эхлэн дотогш нэвтрүүлнэ. Үүнийхээ өмнө Тан гүрний үед гадаадын зочдыг хэрхэн угтаж буйг үзүүлсэн тоглолт сонирхуулах аж. Гадаад харилцаа хариуцсан түшмэл мяндагтан элч, дагуулын хамтаар гарч ирэн хааны зарлигаар эрхэм хүндэт таныг тосон авч буйгаа шүлэглэн хэлсний дараа хүндэт харуулын цэргүүд бүжин үзүүлбэрээ толилуулав. Ингээд аялагчдыг дотогш нэвтрүүлэхдээ Тан гүрний цэрэг, сайд, түшмэдтэй зураг авхуулах боломжийг бүрдүүлж өгчээ. Үзүүлбэрт тоглогчдыг сонгохдоо цэргийн алба хаасан залуусыг нурууны өндөр, бүжих, жүжих ур чадварыг нь харгалзан элсүүлдэг гэдгийг бидэнд тайлбарлагч хэлж байлаа.
Ши Ань хот хэрмийнхээ дотор талд эртний хийцтэй барилга байгууламж олонтой бол гадна нь дэлхийд алдартай “Хилтон” зочид буудлын сүлжээнээс авхуулаад орчин үеийн тэнгэр баганадсан барилга их байх юм. 14 орчим км үргэлжлэх энэ хэрмийг бүхэлд нь тойрно гэвэл багадаа л 4-5 цаг зарцуулах юм билээ. Ингэж алхахдаа хүмүүс алжааж ядрах магадлал өндөр учраас дөрвөн хаалганых нь аль нэгээр бууж аяллаа зогсоож болно. Хүсвэл унадаг дугуй, дугуйт тавцан түрээслэн бүхлээр ньтойрох ч боломжтой юм билээ.
Хэрмийн гадна тал нь эгц, дотоод хэсэг нь налуу нь мэдээж дайснаасаа хотын доторх иргэдээ хамгаалах, дайсан ирвэл цэргүүд шаламгай авирч гарч харваж, цавчилдахтай холбоотой биз. Түүний дээр 60 метр тутамд харваачдын байр, 120 метр бүрд харуулын байр бий. Үүнийгээ эртний цэргүүд 60 метрээс цааш харваж чаддаггүй байсан хэмээн тайлбарласанд сурвалжлагч миний хувьд үл итгэсэн. Монголын морьтон дайчид 60 метрээр тогтохгүй олон алд газар харваж, дэлхийн дайдын эзэлж явсан түүх бий учраас итгэл төрөхгүй байснаа нуух юун.
1980-аад оны сүүл үед Шааньси мужийн, Ши Ань хотын иргэд хэрмээ сэргээн засварлаж, хуучин байсан шавар туурийг нь тэр чигээр нь хадгалах арга хэмжээ авчээ. Ингэснээр сэргээн байгуулсан дотроо шавар хэрмийнхээ үлдэгдлийг шилэн хоргоор бүрхэн хамгаалж, жуулчдад эртний байдлыг нь танилцуулан мөнгийг нь татах хэрэгсэл болгочихоод байв.
1-3 сая жуулчин хүлээн авах бодлого баримталж буй Монгол Улс эртний түүхт Хэрлэн барс, гүйцэд судалж сурвалжилж чадаагүй Өглөгчийн хэрэм, Хүн гүрний Луут хотын туурь, Их Монгол Улсын Хархорум, Ауруг ордноо төрийн бодлогоор хамгаалан тэтгэж, төсөв хөрөнгө зарцуулаад жуулчдыг татах байгууламж босгох боломж бий гэдэг нь аяллын энэ хэд хоногт төрж байлаа.