Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, зургаа дахь Олимпдоо оролцохоор боллоо.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртсэн. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпын эрхээ аваад буй. Ийнхүү “Парис 2024” Олимпын наадмын марафоны төрөлд Монголын гурван тамирчин ур чадвараа сорино.