Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлджээ. Ингээд ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ. Тэр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болов. 2004 оны тус тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм. Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль ба “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.