Гадаадынхны жишгээр амины орон сууц, хашаатай бол тухайн айл хамгийн баян, тансаг аж байдалтайд тооцогдоно. Харамсалтай нь, Улаанбаатар хотын сая хол давсан хүн амын 60-аас илүү хувь нь гэр хороололд аж төрж, утаа үйлдвэрлэгчээрээ цоллуулж, дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдээд удаж буй. Төр засаг гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлыг эхлүүлээд даруй 11 жил өнгөрчээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахдаа эхний үед газрын эздийг нүүлгэн шилжүүлэх ажлыг төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд хариуцдаг байв. Ингэхдээ маш олон хүүхдийн зүрхэнд шар ус хуруулж, ирээдүйг нь хараар будаж, алд дэлэм алдсан нь гашуун үнэн юм. Гэвч эдгээрээсээ санамж аваагүй ажээ. Ингээд олныг үл нуршин хүүхэд хохирсон хоёр баримт дэлгэе.
Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн сурагчаа сургуулийн нэр гутаасан хэмээн хөөжээ
Хотын төвд ойр нэг хашаа байшинд аж төрдөг ах дүү гурвынх дахин төлөвлөлтөд өртөв. Дахин төлөвлөж, орон сууц барих компанийнхан ах дүү гурвын нэгд нь л байр өгнө хэмээн тулгасан аж. Тэд тулгалтыг зөвшөөрөөгүй ч, хууль, эрх зүйн мэдлэггүй тул компанид хашаагаа үнэлж зараад, мөнгөө хувааж, зам гурав салжээ. Нэг өрхөд долоон сая төгрөг оногдсон. Улмаар бага дүү оногдсон мөнгөндөө тааруулан Салхитын I буудалд хэр тааруухан хашаа авсан аж. Хотын төвийн нэгэн сургуульд явдаг өсвөр насны хүү Б-гийн ( нэр өөрчлөв) хувь заяа тэр үеэс орвонгоороо эргэсэн гэдэг. Хотын захын гэр хороололд хэзээнээсээ автобусны хүрэлцээ мууг бид мэднэ. Үүнээс шалтгаалан хүү хичээлээсээ хоцрох болжээ. Харин сургуулийнхан нь хоцорсон хүүг өдөр бүр шийтгэж, хичээл тарангуут нь орой болтол жижүүрлүүлж дэглэдэг. Хүү жижүүрээс буугаад хүртээмжгүй автобусаа хүлээнэ, эсвэл 20 шахам буудал алхсаар шөнийн бор хоногтоо гэртээ орно. Өглөө дахиад л багшдаа “Хоцорлоо, ангийн үнэлгээнээс доош татлаа, цалин мөнгө хасууллаа” хэмээн баалуулна. Байнга хоцорч, сургуулийн жижүүр хийх, багшийн үглэхээс залхсан хүү эцэстээ хичээлээ тасалж эхлэв. Сургуулиас Б-г яагаад хоцорсон, юунаас болж тасалсан талаар огт асуусангүй. Харин хичээлээсээ хоцордог, тасалдаг хэмээн аав, ээжийнх нь чихнээс хонх уяна. Ийнхүү багш, хичээлийн эрхлэгчийн үглэх, дарамтлахаас залхсан хүү хотын захын сургуульд шилжин сурах болов. Шинэ орчин, шинэ зовлон угтлаа. Нөхцөл байдал улам дордож, үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөв. Нэг өдөр шинэ сургуулийнх нь атаманууд “Бид бааранд байна, чи хүрээд ир” гэжээ. Улмаар заасан газарт нь очтол хөвгүүд баарны гадаа тамхилж зогссон бөгөөд “Голын ширээн дээр хэтэвчээ орхижээ. Аваад ир” гэсэн аж. Маргааш нь цагдаа нар хүүг хайж сургууль дээр иржээ. Баарны ширээн дээрх хэтэвч хөвгүүдийнх биш, ОО орохоор явсан өөр хүнийх байж. Мэдээж камерт дүрс нь үлдсэнээрээ Б буруудсан. Бас бүлэг хулгай гэдгээр хэрэг нь хүндэрч, шүүхээс Б-д тэнсэн харгалзах ял оноов. Сургуулийн удирдлага, ангийн багш, нийгмийн ажилтан нь хүүгийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй бөгөөд харин ч “Пү па” нэр хүнд сэвтүүллээ хэмээн бушуухан хөөж, ариун нэр төрөө аварсан юм гэдэг.
Ээж минь “Миний охин математиктаа сайн юм чинь мундаг эдийн засагч болно доо” гэдэг байлаа
Иргэн А (нэр өөрчлөв) ам бүл тавуулаа, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Дахин төлөвлөлтөд орохоосоо өмнө эл өрх айл байшиндаа элэг бүтэн аз жаргалтай амьдарч байсан. Тэд дахин төлөвлөлтөд хамрагдсаныхаа дараа зургаан удаа нүүдэл суудал хийсэн. Харамсалтай нь, 2015 онд аав нь өнгөрснөөр тэдний элэг бүтэн амьдралд сүүдэр тусав. Улмаар 2018 онд ээж нь ч мөн бурхны оронд оджээ. 14-хан настай, ахлах ангийн сурагч охин нэг л өдрийн дотор өрх толгойлсон эмэгтэй болж, амьдралд нухлуулан, арга барахдаа сургуулиа хаясан гэдэг. Газар чөлөөлсөн компани түрээсийн мөнгө өгөхөө больж, дахин төлөвлөлт нэрээр гэрийг нь газрын хөрснөөс арчсан, удаа дараа нүүдэл суудал хийсэн учир дүүрэг, хороо нь хаягийн бус хэмээн нүүр буруулжээ. Төрөөс олгодог хүүхэд асаргааны мөнгө, хүнсний эрхийн бичиг, бусад халамж ч өгсөнгүй. Тэр ч бүү хэл банкныхан ээж чинь өртэй хэмээн тэжээгчээ алдсаных нь тэтгэмж, хүүхдийн мөнгийг нь хуу хамсан гэдэг. Тиймээс 6 болон 9-хөн настай нялх хоёр дүүгийнхээ тулах багана, босох тэнхэл болсон жаахан охин их сургуульд элсэх талаар мөрөөдөх ч эрхгүй болж, ажилд орсон байдаг. Эцсийн мөчид олон улсын байгууллага, Монголын ТББ-аас л хөөцөлдөж байж хоёр дүүг нь ЕБС-иасаа төгстөл нь үдийн хоол өгүүлэх зохицуулалт хийжээ. Мөн Сүхбаатар дүүрэг дэх түр оршин суух байранд ах дүү гуравыг оруулсан билээ. Хэдэн жилийн өмнө төр ийнхүү ах дүү гуравыг үл тоож, хөсөр хаяж байв. Өнөөдөр ч асуудал шийдэгдээгүй. Хүүхдүүд өөрийн гэсэн орон гэргүй. Түр оршин суух байранд амьдарсаар байгааг дахин сонсох гунигтай байлаа. Том охиных нь “Дахин төлөвлөлтөөс болж, аав ээж минь өнгөрсөн гэж боддог. Ээж минь амьд байхдаа “Миний охин математиктаа сайн юм чинь мундаг эдийн засаг болно доо” гээд инээдэг байсан” хэмээсэн олоон жилийн өмнөх яриа өнөөдөр ч чихэнд сонсогдох шиг. Уг нь охин элсэлтийн ерөнхий шалгалт өгч, “Их засаг” их сургуульд тэнцсэн юм билээ. Гэхдээ төлбөрийн чадваргүй тул мөн л их сургуулиа орхижээ. Өдгөө ч охин ажлаа хийсээр, дүү нарынхаа төлөө хичээсэн хэвээр байгаа билээ.
Өсвөр үеийнхэн бусад насныхныг бодвол сэтгэл гутралд амархан өртөхөөс гадна аливаа асуудлыг хүндээр тусган авч түгшүүрт ордог. Энэ байдал нь насан туршид нь үргэлжилж, өөртөө итгэлгүй болох магадлалтайг мэргэжлийн сэтгэлзүйч хэлсэн.
Дээрх хоёр жишээнээс өрхүүд хотын зах руу нүүх тусмаа нийгмийн халамжаас холдож, боловсролоос гээгдэж, ядуурлын эгнээ рүү шилжиж буйг харж болохоор. Мөн эмнэлэг болон төрийн бусад үйлчилгээнээс хасагдаж, олонх нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөөр. Улмаар түрээсийн байранд амьдардаг тул амьжиргааны зардал нь жилдээ 15-20 саяар нэмэгдэхийн хэрээр хүүхдийн хөгжил, боловсролд зарцуулагдах мөнгө хасагддаг байна. Ер нь л хүүхдүүд төрийн бүх үйлчилгээнээсээ хоцорч, хүссэн, хүсээгүй үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэхэд буруудахгүй болов уу.
Дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөхдөө айл өрхүүдийг, тэр дундаа хүүхдэд онцгойлон анхаарсан цор ганц л тохиолдол бий. Энэ нь Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн хамгааллын бодлогоор хийсэн ажил юм.
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Баянхошуу, Дамбадаржаа, Толгойтод газар чөлөөлсөн. Ингэхдээ нөлөөллийн үнэлгээ хийн, хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг анхаарсан билээ.
Тухайлбал:
- Нэн тэргүүнд хүүхдүүдийг сэтгэлзүйчийн үйлчилгээнд хамруулсан.
- Нүүсэн өрх бүрийн хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд оруулсан.
- Ерөнхий боловсролын сургуулиудаар явж үе тэнгийнхний дээрэлхэлт гэж юу болох талаар сургалт хийсэн.
- Тээврийн цагдаагийн албатай хамтран сургуулийн орчны гарцгүй газар, гулгаатай зам, гэрэлгүй гудамжуудын талаар мэдээлэл өгсөн.
- Хүүхдүүдэд жендерийн эрх тэгш байдлын талаар хичээл заасан
- Сургалтын төвүүдтэй гэрээ байгуулж, хүүхдүүдийн төлбөрийг нь төлсөн
- Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан аж.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ хүүхдүүдэд нөлөөллийн үнэлгээ хийгээгүйг НҮБ-ын Хүүхдийн сангаас шүүмжилсэн удаатай. Уг нь төр засаг бодлогын бичиг баримтдаа хүүхэд нэгдүгээрт байна гэж тусгасан.
Барилгын компаниудын хэрэгжүүлж байгаа төсөлд хяналт тавих, дэмжих үүрэг бүхий тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Азжаргалаас өдгөө хүүхэд хамгааллын ямар бодлого хэрэгжүүлж буйг тодруулахад “Газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүүхдийн эрх зөрчигддөг. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд хамруулсан 3050 өрх бий. Хүүхдийн тодорхой тоо алга. Гэхдээ шилжиж, түр суурьшиж буй харьяа сургуулийн удирдлагатай бид уулзаж, хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамрагдах, зорчих эрхийг хангах талаар ярилцдаг. Одоо иргэдийг хаа нэг газар луу түр суурьшуулах нь дэмий гэж үзсэн. Хүүхдүүдийг эрсдэлд оруулахгүйн тулд газраа өгсөн бол шууд байранд оруулах, эсвэл бэлэн мөнгө өгөх зохицуулалт хийдэг болсон. Эл асуудлыг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн шинэ байрны эргэн тойронд нийтийн эзэмшлийн талбай, зогсоол, хүүхдийн тоглоомын газар, ногоон байгууламжтай байхыг шаардана. Үүнтэй холбоотойгоор өмнөх төлөвлөсөн барилгуудын зөвшөөрлийг гацааж эхэлсэн. Ер нь зөвхөн дахин төлөвлөлтөд орсон хүүхэд хэрэгт орооцолдоод, хохироод байгаа юм биш. Гэр хороолол руугаа сүүлийн 25 жил хэн ч анхаараагүй. Одоо анхаарч эхэлсэн учраас тэндэх бугшмал асуудал илрээд байгаа юм. Энд хүний эрхээс гадна үндэсний эрх ашиг ярих ёстой. Улсаараа нүхэн жорлонтой, хөрсний бохирдолтой, утаатай орчинд амьдрах юм уу. Бид гарсан асуудлыг аль болохоор засаж сайжруулаад ажиллаж байна” гэх хариултыг өгсөн юм.
Монголын төр ийнхүү гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахдаа хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн хэмжээ, гэрээ конвенц, хууль журмуудыг зөрчиж, иргэдийг албадан нүүлгэж, олон хүүхдийг үл хайхарч, хохироосон, өнөөдөр ч хохироосон хэвээр байгаа нь харамсалтай.