Монголын Тусгай Олимпийн Хороо үүсгэн байгуулсаныхаа түүхт 10 жилийн ойг энэ онд тэмдэглэж байна. Ойн хүрээнд тус хорооноос өчигдөр, өнөөдөр, маргааш таван төрлөөр спортын наадам зохион байгуулж байна. Тодорхой хэлбэл, Баян Өлгий, Дархан Уул, Орхон, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгууд болон ЕБС-ын 25, 55, 63, 70, Сайн найз, Харгуй, Мөнх тэмүүлэл зэрэг клуб, СБД-ийн болон МТОХ-ны 200 гаруй тамирчин Бадминтон, Бочи, Жүдо, Ширээний теннис, 3х3 Сагсан бөмбөгөөр өрсөлдөнө.
Наадмын нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Энэ үеэр орон нутгаас хүрэлцэн ирсэн баг тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Энэхүү спортын тэмцээнийг МТОХ-ны “Хамтарсан сургууль” төслийн хүрээнд БГД-ийн ЕБС 20, 51, 70 мөн Нийслэл клуб, БГД-ийн БТСГ дэмжиж ажиллаж байгаа бөгөөд 23-р сургуулийн сурагчид сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Мөн Берлин-2023 Тусгай Олимпийн дэлхийн наадамд баг тамирчдаа зохион байгуулаж амжилттай оролцсон Тусгай Олимпийн багш нар болон дэмжин тоглогчид нийгмийн хариуцлагын хүрээнд гар бие оролцож байна.
МТОХ-ны Үндэсний спортын анхны наадмыг 2017 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа II дахь наадмаа зохион байгуулж байна. Олон Улсын Тусгай Олимпийн спортын наадмын хөтөлбөрт өвөл зуны 30 гаруй спорт багтсан байдаг. МТОХ нь эдгээр спортыг түгээн дэлгэрүүлэх, Тусгай Олимпийн тамирчдад спортоор өрсөлдөх боломж олгохын тулд ээлж дараатайгаар спортын тэмцээнээ зохион байгуулж байна. Энэ жил МТОХ нь Берлин-2023 ТУ Дэлхийн наадамд 44 тамирчин амжилттай оролцож 9 спортын 7 спортод багийн нэг хүрэл , ганцаарчилсан 6 спортоор 15 алт, мөнгө, хүрэл, ТО Зүүн Азийн Бүсийн Бочигийн тэмцээнд 10 тамирчин амжилттай оролцож медаль хүртсэн юм. Улмаар энэ оны арваннэгдүгээр сарын 2-6-нд БНХАУ-ын Шанхай хотноо болсон ТО Зүүн Азийн Бүсийн флорболлын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн тус тус амжилтаар олон улсын тэмцээнд оролцож, 10 жилээ тэмдэглэж байна.
МТОХ Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлж, хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг ТББ юм. Олон Улсын Тусгай Олимп нь 1968 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийд 190 гаруй орны 7 сая орчим Оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн хамгийн том спортын, хүмүүнлэгийн хөдөлгөөн. өөрсдийн онцлогоос хамаарч нийгэмшихдээ тааруу, бүрэн боловсрол эзэмшихэд хүндрэлтэй байдаг тул энэ иргэийг зөвхөн спортоор дамжуулж нийгэмшүүлэх цорын ганц боломж бүрдсэн юм. Спортоор дамжуулж хувь хүн, тархи оюун ухаан хөгжиж, ар гэр найз нөхдөд баяр баясал авчирч, спортдоо дурлан дагнан хичээллэж эхэлдэг.
УИХ-ын гишүүн асан С.Оюуны санаачлагаар 2013 онд Монголын Тусгай Олимпийн Хороо байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 5000 гаруй Оюуны ялгаатай хөгжилтэй (хот, хөдөө орон нутгийн) хүүхэд залуусыг хамруулсан билээ.