Энэтхэг улсын Керала мужийн Тривандрум хотод зохион байгуулсан уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээний даунхилл төрөлд Монголоос хоёр тамирчин оролцов. Тус тэмцээний өсвөр үеийнхний ангилалд “Даунхилл Монголиа” клубийн Г.Түвшинбаатар III байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр X байр эзэлсэн байна. Тэднээс өмнө эл төрлөөр сонирхож хичээллэгсдээс Монголын даунхилл, эндуро клубийн тамирчин Г.Чингүүн БНСУ-д 2021 онд болсон АШТ-ээс хүрэл медальтай ирж, амжилтын жим гаргасан юм. Дугуйн спортын даунхилл (уулын уруу буух) төрөл нь тамирчдаас эр зориг, мэдрэмж, техникийн аюулгүйн бэлтгэл шаарддаг. Мөн Монголд хөгжих боломжтой спортын төрлүүдийн нэгт багтдаг. Олон улс эл төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэж, уралдаан зохион байгуулдаг болсноор манайхан хурд сорин, ур чадвараараа өрсөлдөх болжээ.