Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий УИХ-ын түр хороо өчигдөр хуралдав. “Нүүрсний хулгай”-н хэргийн талаарх хяналтын сонсголыг ирэх сарын 4-8, 8-22-нд хоёр удаа хийхээр төлөвлөсөн. Өмнөх хуралдаанаас шинжээчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим хүнийг солих, Үндэсний аудитын газраас хоёр, Монголбанкнаас дөрвөн хүн оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нүүрс худалдаж авсан гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувийг гадаад улсууд руу шилжүүлсэн учраас тэдгээрийг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас ажиллуулах шаардлагатай гэж үзсэн юм.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар Хяналт, шалгалтыг эрчимжүүлэх болон Хянан шалгагч, шинжээчдийг шинээр томилох тухай тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа. Өмнөх шинжээчдийн багт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан буюу ашиг сонирхлын зөрчилтэй хүн оруулсан байсныг энэ үеэр түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сануулав. Гишүүн М.Оюунчимэг “Шинээр томилох гэж буй шинжээч нарын дотор улс төрийн хамаарал бүхий хүн оруулж ирсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. Санал өгч, дэмжихдээ гишүүд анхааралтай байна уу” хэмээн хүссэн. Хянан шалгагч, шинжээч томилох тухай тогтоолыг хаалттай горимоор хэлэлцэх, эсэхээр санал хураахад олонх нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, “нүүрсний хулгай”-н хэрэгт албан ёсны гол дүгнэлт гаргах үүрэгтэй хянан шалгагч, шинжээчдийн нэрийг олон нийтээс нууцалж буй аж. Мөн гадаад гүйлгээг хянах эрхийг хянан шалгагч, шинжээч нарт олгохын тулд түр хорооноос тусгайлан тогтоол баталсан юм. Тэд энэ сарын 23 хүртэл банкуудын гадаад гүйлгээнд хяналт шалгалт хийх нь.
Түүнчлэн түр хорооноос “нүүрсний хэрэг”-тэй холбоотой баримт, мэдээллийг иргэдээс sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар баталгаажуулан, хяналтын сонсголд оруулах юм байна.