Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд баривчлагдан ирсэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн удирдан өнгөрсөн баасан гарагт хаалттай хэлэлцлээ. Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны талаар ярих учир шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан байна. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир болон Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татсан билээ.
Эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон өөр нэг үндэслэл нь яллагдагчаар татагдсан, их хэмжээний хахууль өгсөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэсэнтэй холбоотой байсан юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон