Он гарсаар есөн сарын хугацаанд олон улсын болон улсын чанартай авто замд 2947 зам тээврийн осол бүртгэгдсэний 844 буюу 26.8 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар 25936 жолоочид хариуцлага тооцжээ.
Шөнийн цагаар эсрэг урсгалд өөдөөс ирж яваа автомашин холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлээгүй улмаас жолооч нарын нүдийг гялбуулж замын зорчих хэсгийг харах баримжааг алдагдуулдаг. Орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч 80 км/ц хүртэл хурдтай явж болох бөгөөд ийм хурдтай явж байгаа автомашин нэг секундэд 22.2 метр газрыг туулсан байдаг. Гэрлийн гялбаанд орсон жолооч 5 секунд харах чадвараа алдахад 100 метр газрыг нүдээ боогоод явж байгаатай адил юм. Иймд холын гэрлийг шилжүүлээгүй байгаа зөрчил нь замын эргэлттэй хэсгээр замаас гарч онхолдох, замын хөвөөн дээр зогсож байгаа тээврийн хэрэгслийг мөргөх, мал амьтан мөргөх зэргээр зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байдлыг үүсгэж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар бүлгийн “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор “Гэрэл” хэсэгчилсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. 21 хоногийн хугацаанд шөнийн цагаар гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчсөн 17 665 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 дэх хэсгээр арга хэмжээ тооцож, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан.
Шөнийн цагаар стандарт бус гэрлийн ламп суурилуулсан зөрчлийг Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерүүд хамтран “Гэрлийн тусгал шалгагч” багажаар шалгаж зөрчлийг арилгах, засуулах ажлыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна. Мөн автомашин гэрлийн ламп худалдан борлуулдаг газруудад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтад заасан хэмжээнээс илүү хүчин чадал бүхий гэрэл худалдан борлуулахгүй байх талаар албан мэдэгдэл хүргүүлэн хяналт тавьжээ. Хөдөө орон нутагт хүн болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудын авто машины гадна талын гэрэл, гэрлийн тусгалд үзлэг шалгалтыг хийж зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Жолооч нарын анхааралд:
18.2. Дараах тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ:
- а/ өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд;
- б/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан;
- в/ бусад жолоочийн нүдийг гялбуулж болзошгүй тохиолдолд
18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.