Глоб Интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/ байгууллагын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчээр ид ажиллаж буй залуус, дунд, ахмад үеийн төлөөллийг оролцуулан тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Учир нь дэлхий нийт жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-нд Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тэмдэглэдэг. Эхний хэлэлцүүлэг “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар үг хэлэв.
Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Глоб Интернэшнл төвийн хуульч, Л.Галбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн менежер Т.Амартүвшин, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч Э.Мөнх-Эрдэнэ нар илтгэл тавив. Харин хоёрдугаар хэсэгт сэтгүүлчид “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө зөрчигдсөн кейс” сэдвийн дор өөрсдөдөө тулгамдсан асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм.
Энэ үеэр сэтгүүлчдийг бэлтгэхдээ их, дээд сургуульд элсэн ороход нь өөрийгөө хамгаалах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргуудыг зааж өгөх ёстой. Мөн редакциуд бодлогоороо сэтгүүлчээ хамгаалах үүрэгтэй. Сэтгүүлч хараат бусаар мэдээлэл бэлтгэх ёстой зэрэг мэдээллийг түлхүү өгсөн.
Хоёрдугаар хэсэгт "Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх зөрчигдсөн кейс" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд тохиолдсон бодит кейсүүдийн талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дарга Х.Болормаа чиглүүлж, оролцогчоор МСНЭ-ийн мэргэжлийн ёс зүйн хороо хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, Зууны мэдээ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, Гэрэл ньюс агентлагийн эрхлэгч Г.Гэрэлмаа, Urug.mn сайтын үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Тамир нар оролцлоо.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүүлчдийн төлөөллүүд оролцон санал бодлоо хуваалцав. Эл хэлэлцүүлгийн үеэр ярьсан хамгийн ноцтой зүйлүүд эмэгтэй сэтгүүлчдийг жирэмсэн байх үед нь бэлтгэсэн мэдээ, мэдээлэлтэй нь холбогдуулан улс төрчид байнга цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Ингэхдээ сэтгэл санааны дарамт учруулж байсан гэх кэйсүүдийг онцолж ярьсан билээ. Мөн төр өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Мэдээллээ түгээхдээ л сэтгүүлчдийг ашиглаж байна. Шаардлагатай бол зай талбай худалдаж аваад цензургүй мэдээлэл тараадаг. Тэр ч бүү хэл, төрөөс хэрэгжүүлж буй зарим төслийг шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдийн мэдээллийг устгуулдаг хэмээсэн юм. Товчхондоо, Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг Монголын төр хангаж чадахгүй байгааг бүх шатны байгууллагад онцоллоо. Олон улсад төр засаг нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудлыг хуульчилж чанд мөрддөг юм байна.