Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомд холбогдсон гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна.
Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан “Б” нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Учир нь иргэн Б өмнө нь цагдаад ажиллаж байх хугацаандаа эл хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 10 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 тоглоомын 4107 хууль бус веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сүүлийн нэг сарын хугацаанд нийт хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2146 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.