Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Цагаан давааны ар луу уруудаж байсан шатахуун тээвэрлэгч “Донгфэнг” загварын тээврийн хэрэгсэл 2020 оны долдугаар сарын 15-нд онхолдож, бензин нь асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг иргэнд хөнгөн хохирол учирч, найман хүний амиа алдсан хэрэг гарсныг зарим уншигч санаж буй. Эл хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 30-нд хэлэлцсэн байна. Шатахуун тээвэрлэж явсан автомашины жолооч Б-г Эрүүгийн хуулийн 27.10-4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг долоон жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон байна. Улмаар 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж эдлэх ялаас нь хоёр жилийг хасан, нээлттэй хорих байгууллагад таван жил хорихоор шийдвэрлэжээ.
Уг хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхээ дэнслүүлсэн М-г Эрүүгийн хуулийн 10.6-2-ын болгоомжгүйгээр олон хүний амь хохироосон, 11.3-2-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцсон ч дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ ослын хохирогчид болон амиа алдсан хүмүүсийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгжээс гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Шунхлай” компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэн, тус компаниас нэхэмжилсэн хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.