Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлигын хэргийн нэг яллагдагчийг өнгөрсөн долоо хоногт Туркээс хүлээн авчээ. Эл ажиллагааны хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард тус улсаас бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан Ж.Отгонбаатар гэдэг хүнийг авчирч байсан.
Тэгвэл энэ удаа Т.Отгонбаатар гэдэг эрийг эх оронд нь ирүүлжээ. Тэрбээр улсын бүртгэгчид хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч О.Оюунгэрэл Т.Отгонбаатар, О.Энхцолмон нарт гадаад паспорт хуурамчаар гарган өгч энэ хоёр хүнээс 2018 болон 2021 онд багагүй хэмжээний хахууль бэлнээр болон дансаараа авсан хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Улсын бүртгэгчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад өнгөрсөн тавдугаар сард хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэрэгт холбогдсон Т.Отгонбаатар нь Турк рүү явсан байсныг АТГ-ынхан эрэн сурвалжилж, байгаа газрыг нь тогтоосноор ийнхүү авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад гаргасан гэнэ. Учир нь тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж.