УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатууллаа. Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг газартай холбоотой үйлдэлд холбогдуулсан хэмээж буй. Харин баттай эх сурвалжууд нийтийн тээвэртэй холбоотой үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгааг хэлэв.
“Ногоон автобус”-ны гэх дуулианаас үүдэлтэйгээр нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт, парк шинэчлэл, автобус компаниудад олгодог татаас, ухаалаг төлбөрийн систем зэрэг төсвөөс, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг олон зүйлийг АТГ-т шалгаж эхэлсэн билээ. Үүний хүрээнд дээрх өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр төдийлөн үр дүнтэй бус гэж дүгнэж байсан ч төсвөөс их хэмжээгээр мөнгө авдаг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болсон байна. “Сити бааз консалтинг” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш эл орлого жил бүр буурсан аж.
Тухайлбал, 2017 онд буюу тус компани байгуулагдаж нийслэлийн НТГ-тай гэрээ байгуулах үед нийслэлийн нийтийн тээврийн салбарын орлого 50 тэрбум төгрөг байж. Үүнээс хойш тогтмол буурч 2018 онд 43, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж багассан гэдэг. Ийм байхад нийслэлийн төсвөөс гардаг мөнгөн дүн нэмэгдсээр байсан гэнэ. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өссөн байв. Энэ мэтээр “Сити бааз консалтинг” компани 2017-2021 оны хооронд 17.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авчээ. Өөрөөр хэлбэл, жил бүр 3-4 тэрбум төгрөг авдаг ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хэрэгт шалгах гол үндэслэл болсон байна. “Сити бааз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Батбаярын Сэлэнгэ гэх нэгэн. УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын хамаарал бүхий хүн аж.
Ташрамд мэдээлэхэд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, МАН-ын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаал хашиж байсан М.Энхболд өнгөрсөн даваа гарагт АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгөөд явсан агаад газар олголттой холбоотой асуудлыг түлхүү ярьсан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Орчлон