Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9.6 жилийн ял оноосон байдаг. Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан хаалттай хянан хэлэлцсэн байна. Улмаар Ц.Хулангийн ялыг 8.1 жил болгож хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оноожээ.
Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар гэмт бүлгийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.