Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр баталж, долдугаар сарын 3-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах ажил эхэллээ.
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээж авах гэнэ.
Үүнд
1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/;
2.Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэгт заасан мэдээлэл. /Маягт 1-ийн дагуу/;
3.Иргэний үнэмлэхийн лавлагаа;
4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
5.Сэтгэцийн өвчин, эмгэггүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
7.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
8.Цээж зураг;
9.Ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт, хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт шаардлагатай аж.