“Хүний эрхийн боловсролын арга зүй” сэдэвт симпозиумыг Хүний эрхийн үндэсний комисс, “Монголын эмнести интернэшнл” ТББ зэрэг холбогдох байгууллагынхан хамтран өчигдөр зохион байгууллаа. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч уг арга хэмжээнд оролцлоо. Оролцогчид хүний эрхийн боловсрол олгож, түгээж буй өнөөгийн тогтолцоо, арга зүйг сайжруулах, хүртээмжтэй, үр дүнтэй болгох талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хүний эрхийн боловсрол нь бүхий л эрхийг хангах, хамгаалах үндэс болохыг хүлээн зөвшөөрч, бүх түвшинд дэмжих шаардлагатайг тэд онцоллоо.
Монгол Улсын Хүний эрхийн комиссын тухай хуулийн 6.2-т “Комиссын төсөв үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шинжээч томилон ажиллуулахад шаардагдах зардал болон бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна” хэмээн заажээ. Тиймээс тус комисс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, ялангуяа салбар дундын оролцоог хангах шаардлага байгааг ч хөндлөө.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид “Хүний эрхийн боловсрол нь зөвхөн хөтөлбөр, танхимын сургалтаар олгох зүйл биш. Ажил, амьдрал, суралцах үед гээд нийгмийн бүхий л харилцаанд оролцоход хүний эрхийн мэдлэг, ойлголт хэрэгтэй. Үүнээс гадна мэдлэг туршлагыг дадал, зан үйл болгох шаардлагатай” гэж онцоллоо. Олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, үндэсний хэмжээний санаачилга, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, бага, дунд, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн талаарх ойлголтыг тусгах зэрэг нь үр дүнтэй арга болохыг симпозиумд оролцогчид хэлэв.
Бэлтгэсэн: М.Оч