Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийх шийдвэрийг тавдугаар сарын 24-нд гаргасан. Ажлын хэсэг 32 хүнтэйгээр ажиллаж дахин инженерчлэл хийх ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Тэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна гэж үзсэн. Эрсдэлийг арилгаж, хүн төвтэй үйлчилгээ үзүүлснээр Хөдөлмөр хамгаалал бэхэжнэ. Нэг иргэн төрийн 5-6 байгууллагатай харилцаа үүсгэснээр үйлчилгээ авдаг. Одоо 1:1 болгоно. Арванхоёрдугаар 31-нийг хүртэл туршилт хийж, ирэх оноос хүнд суртлыг хална" гэлээ.
Өнгөрсөн таван сарын хугацаанд ХНХЯ, ЦХХХЯ, ЗГХХГ ШСБХТ хамтран хийсэн Төрийн албаны Процeссын дахин инженерчлэл тандалт судалгааны ажил нь орон нутгийн 3 бүсийн 14 аймагт, 240 гаруй процесст, найман төрлийн дүн шинжилгээг хийжээ. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь олон талт судалгаа шинжилгээнд суурилж явагддаг бөгөөд зөвхөн иргэдийн сэтгэл ханамжаас гадна төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:
- иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;
- төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
- төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
- байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
- төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
- төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.