УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг баталбал хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 25 жилээр хорихоос гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ял, хариуцлагыг нэмэх юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганбат “Ялын бодлогыг чангаруулах нь зөв. Гэхдээ хохирсон бага насны хүүхдийн амийг бүрэлгэх, гэрчийг устгах гэх мэтээр гэмт хэрэг нь бүр илрэхгүй болох вий. Олон түмний бухимдлыг дарахын тулд бүх зүйлийг чангаруулаад байж болохгүй” гэв.
Гишүүн Ц.Мөнх-Оргил “Тээврийн хэрэгслийг хураах шийтгэлийг хуульд тусгах боломжтой юу. Бусад оронд ийм шийтгэл ногдуулдаг нь том анхааруулга болдог. Торгуулаад, эсвэл баривчлагдаад өнгөрөхгүй гэсэн үг. Өмч хөрөнгөөсөө ч салах юм байна гэсэн анхааруулга олон хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос сэргийлнэ. Ер нь автомашин барих нь хүний эрх гэж ойлгоод байх шиг. Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй, өндөр эрсдэлтэй машин, механизмыг жолоодох эрх авна гэдэг нь бусдын өмнө маш том давуу эрх эдэлж байгаа хэрэг. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комиссоос сайн ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Давуу эрх эдэлж байгаа бол илүү хариуцлага хүлээх ёстой. Өмч хөрөнгөөрөө ч, эрх чөлөөгөөрөө ч хариуцлага хүлээх ёстой гэдэг талаас нь сайн ойлгуулж чадвал нийгмээрээ дэмжинэ” хэмээн асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хэлэлцэж буй төсөлд үүнийг тусгаагүй. Ер нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйлийг хураадаг зохицуулалт Эрүүгийн хуульд бий” гэсэн бол Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хуулийн хариуцлагыг ял, албадлагын арга хэмжээ гэж хоёр ангилдаг. Албадлагын арга хэмжээний нэг төрөл нь хөрөнгө хураах явдал юм. Эрүүгийн хуулийн долоо болон тавдугаар зүйлд энэ талаар заасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, тухайлбал, тээврийн хэрэгслийг хураах зохицуулалт бий. Энэ бол бүх төрлийн гэмт хэрэгт баримталдаг хэм хэмжээ. Хөрөнгө хураахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийнхэн төслийн томьёоллоо бэлдчихсэн. Хараахан өргөн бариагүй байх. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэгтний тээврийн хэрэгслийг хураасан тохиолдол байхгүй. Харин шүүхийн практикаас харвал хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг нь худалдан борлуулж, хохирогчид шилжүүлсэн тохиолдол бий” хэмээн тодрууллаа.
Тус төслийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгээс насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхлэх, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасан, 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгаж, Зөрчлийн тухай хуулиас торгуулийн шийтгэлийг хасах нь зүйтэй хэмээн үзэн, холбогдох томьёоллыг боловсруулжээ.
Бэлтгэсэн: Б.Уран