Хөвсгөл нуурын зүүн эрэгт 20 гаруй үхэр “Хөвсгөл давалгаа” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн үхжээ. Тодруулбал, компанийн захиалгаар жуулчны бааз барьж буй компанийнхны цемент зуураад хөрсөн дээр асгасан усыг мал ууж, хордож үхсэн гэнэ. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Экологийн цагдаагийн алба, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгалын мал эмнэлгийн байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж, ус, хөрс, малын мах, дотроос дээж авч шинжлүүлэхээр нийслэл рүү илгээсэн аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үүссэн асуудлын талаар тодруулахад “Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын Хөндийн давааны орчим “Хар хад” жуулчны баазын барилга барьж буй газарт 2023 оны аравдугаар сарын 6-нд Хатгал тосгоны дөрвөн малчин өрхийн 21 тооны үхэр барилгын цутгааны үлдэгдэл шавар зуурмагаас ууж хордсон байдалтай үхсэн. Тус жуулчны бааз нь Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 34 км зайд байрладаг. Тиймээс Хатгал тосгон, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтнууд тус газарт даруй очиж, малын эд эрхтнээс болон хөрс, усны дээж авч лабораторид хүргүүлсэн” гэх мэдээллийг өглөө.
Малын эд эрхтнээс авсан шинжилгээний дүн 2023 оны аравдугаар сарын 11-нд гарчээ. Улмаар үхрүүдээс авсан дээжээс малын халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, зөвхөн хордлогын шинжтэй үхсэн хэмээх дүгнэлт гарсан. Тиймээс “Хар хад” жуулчны баазынхан малчдын хохирлыг бүрэн барагдуулжээ. Хөрс усны дээжийг Улаанбаатар хотын Хүнсний аюулгүй байдал, хүнс лавлагааны төв лаборатори руу шинжлүүлэхээр илгээсэн аж. Тус лабораториос дээжийг шинжилж, хариугаа гаргасан ч орон нутгийнхан энэ талаар мэдээлэлгүй байна. Учир нь шинжилгээний хариуг салбарын яам нь татаж авсан гэнэ. Тус жуулчны бааз нь Хөвсгөл нууртай тун ойрхон буюу ердөө 54 метрийн зайд оршдог юм байна. Улмаар 2017 онд тусгай зөвшөөрөл авсан гэнэ. Өмнө нь ч тус жуулчны бааз зөрчил гаргаж байсан бөгөөд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас үүнийг нь арилгуулахаар албан тоот өгч байжээ.
Улмаар Экологийн цагдаагийн албанаас тус жуулчны баазын ажилтнууд, удирдлагаас мэдүүлэг тайлбар авч, мөрдөн шалгаж байгаа аж. Шинжилгээний хариуг гарахаар захиргааны хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэх аж.
Тус жуулчны бааз барилгын бетон цутгахдаа барилгын нэмэлт бодис хэрэглэснийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тус бодис нь зуурсан цементийг хөлдөөхгүй зориулалттай гэнэ. Улмаар цемент цутгах явцад хальж асгарсан зуурмагаа цэвэрлэлгүй орхисноос үүдэн хашаагаар орсон мал зуурмагийн уснаас уусан аж.
Судлаач, доктор Ж.Оюунмаа энэ талаар нүүр номдоо “Асгасан уусмал хөрс рүү шингэж, бороо цасны усаар угаагдаад Хөвсгөл нуур руу орно. Тэгэхээр дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуур маань химийн хорт бодисоор бохирдож, улмаар үүнээс нь ойр хавийн хүн, мал бүгд ууна гэсэн үг. Энэ бол гамшиг. Хордсон хөрсөө яаж цэвэрлэж, саармагжуулж, хоргүйжүүлсэн нь тодорхойгүй байгаа. Хөвсгөлд эко аялал жуулчлал хөгжүүлнэ гэчихээд цементэн суурь цутгаж, химийн хортой ширэнгэ босгож байгаа дээрх үйлдлийг зогсоох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Ariumaa Khuvsgul