Барилга, хот байгуулалтын яамны өчигдрийн шуурхай хуралдаанаас манай Засгийн газар, Австрийн Засгийн газар хоорондын 40 сая еврогийн экспортын зээлийн гурав дахь санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймагт 13.3 км цэвэр усны уян ширмэн хоолойг угсарч, 15 000 ширхэг ухаалаг тоолуур хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлснийг мэдээллээ. Мөн “Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам гүүрийн тохижилтын ажлын загвар зургийг боловсруулсан бол Их тойруугийн гүүрнээс Алтай хотхоны гүүр хүртэлх үерийн хамгаалалтын байгууламжийн зураг төслийг хийн, зам гүүрийн ажлыг нягталж буйг дурдлаа.
Түүнчлэн “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гурван сарын аяны хүрээнд хийж буй хяналт шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, шаардлага биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Одоогоор Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” компанийн ил, далд уурхай, “Тавантолгой” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын явцад хийсэн шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн дөрөв, цахилгааны шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны стандарт хангаагүй нэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ.