“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 11.30 цагаас эхэлсэн.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есдүгээр сарын 28-ны өдөр болохоор товлосон.
Гэвч шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Б.Ганхуяг нарын өмгөөлөгчөөс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг ирэх сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өмгөөлөгч Г.Наранбаатар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн тул шүүх хуралдааныг энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.