НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран аравдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.
Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй тус симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, хүний эрх хамгаалагчид оролцох юм. Мөн хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргана.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр нь боловсролоор дамжуулан хүн бүрийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн эрхэм зорилго, амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг, улс үндэстнийг нэгдэж, хамтран ажиллахыг уриалдаг. Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорьдог байна. Мөн боловсролоор дамжуулан Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх асуудлыг ч хөндөнө.