Үерийн эрсдэлтэй бүсэд, голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжуудыг чөлөөлөх ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн III хороонд байрласан шатахуун түгээх станцыг буулгаж эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул чөлөөлж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина.
Шатахуун түгээх станцыг буулгах, газар чөлөөлөх ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон” хэмээв. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд барьсан “S’outlet” дэлгүүрийг буулгах талаар албаныхан газар болон үл хөдлөх хөрөнгийнх нь эзэдтэй харилцан тохиролцож байгаа гэв. Түүнчлэн тус дэлгүүрийн нэг хэсэг болох хоёр давхар барилгыг нь өнгөрсөн баасан гаргаас буулгаж эхэлсэн байна. “S’Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохиролтой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” гэв. Харин “Авлига хороолол” буюу “Aqua garden”-ий тухайд шүүхэд маргаан үүсгээд буй учир одоогоор буулгахтай холбоотой ямар нэгэн ажил хийгээгүй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч