Улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 388 000 орчим хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор үдийн хоолны мөнгө нэг хүүхдийн 1500 төгрөг байгааг нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулагчид ярьж буй. Ингэснээр хүүхэд бүрт чанартай хоол өгөх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм. БШУЯ-наас сурагчид хэрэгцээт илчлэгийнхээ дөнгөж 50 хувийг үдийн хоолноос авч байгаа талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, сурагчдын үдийн хоолны чанар муу байгааг шийдвэрлэх зам нь хүүхдэд сар бүр олгодог 100 000 төгрөгөөс үдийн хоолны төсвөө бүрдүүлэх саналыг тус яамнаас гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Харин мэргэжлийн хүмүүс, хоол зүйчдийн хувьд үдийн хоол хийдэг бараа, бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо тааруу байгаа нь тулгамдсан гол асуудал хэмээн байр сууриа илэрхийлэх болсон. Үүнийг өөрчилж, сайжруулахгүй бол үдийн хоолонд зарцуулах мөнгийг 3000, 5000 төгрөг болгоод ч чанарт нь өөрчлөлт гарахгүй, хэвээр байх гэнэ. Нөгөө талаас сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хоол хүнс худалдахыг таслан зогсоох, эцэг, эх, олон нийтийн хяналтыг сайжруулах, шим тэжээлийн мэдлэг олгох зэргийг цогцоор нь хэрэгжүүлснээр Үдийн хоол хөтөлбөрийн үр дүнд нөлөөлөх аж.
Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн, Сангийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан хамтарсан тушаалд цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн 7-10 насны хүүхдийн хоол, шим тэжээлийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг тогтоосон байдаг. Тухайлбал, бага ангийн сурагчид хоолноосоо нийт 1735 ккал илчлэг авах ёстой гэж заасан байна. Үүнтэй холбоотойгоор үдийн хоолны илчлэг 491-607 ккал байх ёстой гэж зөвлөжээ. Тиймээс ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төв, Үйлдвэр, технологийн сургуулийн багш нар, сургуулийн хоол зүйч, тогооч нарт зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны жор, технологи” гарын авлагыг өнгөрсөн онд хэвлүүлжээ. Энэ номд Монгол орны онцлогт тохирсон, суралцагчийн өсөлт, хөгжлийг хангахуйц, шим тэжээллэг хүнс бүхий 66 иж бүрдэл хоол танилцуулсан байна. Нэг сурагчид 1500 төгрөгөөр хэрхэн, чанартай, тэжээллэг хоол хүнс өгч болохыг тэд тооцоолон гаргажээ. Тэгвэл үүнийг сургуулиуд мөрдөж буй, эсэхийг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн 138 дугаар бага сургуулиар оров. Тус сургуулийнхан сурагчдын үдийн хоолыг өөрсдөө бэлтгээд 3-4 жил болжээ. Биднийг очиход эхний ээлжийн 170 гаруй хүүхдийн хоолыг бэлтгэж байв. Нэгдүгээр хоол ногоотой шөл, хоёрдугаарх нь гоймонтой хуурга аж. Энэ ээлжийнхэн 10.30 цагт хоолоо иддэг юм байна. Гал тогоонд бэлтгэгч, туслах тогооч, хоол зүйч гээд гурван ажилтан байв. Нярав, эмч нартайгаа хамтраад тэд хоолны цэсийг долоо хоногоор баталдаг гэнэ. БШУЯ-ны ерөнхий гэрээт байгууллага болох “Багачууд хүнс” болон “Сүү” компаниас долоо хоногийн өмнө түүхий эдээ захиалж авдаг байна. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Сургуулиуд өөрсдөө хоол үйлдвэрлэл явуулснаар цэцэрлэг шиг үйл ажиллагаатай болсон. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр нэг хүүхдэд ногдох 1500 төгрөг хүрэлцдэггүй боллоо. Эхний жилүүдэд төсөвтөө багтаах гэж нэлээд зүдэрдэг байсан. Одоо туршлагажсан. Бид байгаа бүтээгдэхүүндээ тохируулаад, БШУЯ-наас гаргасан гарын авлагын дагуу илчлэгийг нь тооцон бэлтгэдэг. Тэгэхээр хоолны хэмжээ багасдаг л даа” гэж тус сургуулийнхан хэлэв. Гал тогооноос сурагчдын хоолыг ангид нь хүргэж, багш нар нь хүүхдүүдэд аягалж өгдөг аж. Хүүхдүүд гэрээсээ цайгаа уухгүй гарах нь элбэг бөгөөд сурагчдын олонх нь үдийн хоолондоо дуртай гэдгийг багш нар хэлэв.
Нийслэлийн хамгийн олон сурагчтай “Эрдмийн өргөө” цогцолбороор орлоо. Эднийх энэ хичээлийн жилээс өөрсдөө хоол үйлдвэрлэл явуулж эхэлсэн гэнэ. Уг үйлчилгээг эхлүүлээд удаагүй ч багш, хүүхдүүдийн сэтгэл ханамж дээшилснийг сургуулийн удирдлага дурдав. Учир нь өмнөх жилүүдэд түрээсийн байгууллага сурагчдын үдийн хоолыг бэлтгэдэг байх үед хоолны төрөл, амт, чанар зэрэг нь дутмаг байсан гэнэ. Түрээсийн зарим байгууллага ашгийн төлөө ажилладаг учраас 1500 төгрөгөөс ч бага өртгөөр хийсэн хоол өгдөг байж. Сургуулийн захирал “Бид эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол бэлтгэхийг чухалчилдаг” хэмээн онцолсон юм. Бага сургууль нь 3300 хүүхэдтэй бөгөөд үдийн хоолыг хоёр ээлжээр бэлтгэдэг аж.
Тус сургуулийн хоол зүйч А.Насанбурмаа “Гал тогоонд стандартын дагуу нийт 10 хүн ажиллах ёстой. Гэтэл манайх таван хүнтэй. Бидний хамгийн том бэрхшээл бол хүн хүчний дутагдал. Цалин бага учраас ажиллах хүн олддоггүй. Тогооч нарын цалин сарын 600-800 мянган төгрөг. 3300 хүүхдийн хоол хийхэд олон хүн оролцохгүй бол цагтаа амждаггүй. Бид худалдааны нэгдсэн сайтаас хэрчиж бэлдсэн ногоо, мах худалдаж авдаг. Шөлтэй хоол хийхдээ бүхэл мах захиалдаг. Будаатай хуурга хийхдээ татсан мах авдаг. Мэргэжлийн хяналтын байцаагч, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө, заавар авч ажилладаг” гэв. Тус сургууль хүнсээ АПУ, “Соргог хүнс”, БШУЯ-тай гэрээ байгуулсан цахим дэлгүүр, “Асгат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас авдаг гэнэ. Тус сургуулийнхан заавал цахим дэлгүүрээс бүтээгдэхүүн авах гэрээтэй нь учир дутагдалтай гэдгийг онцолсон. Уг дэлгүүрийн бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдгаас хүүхдэд очих хоолны орц, хэмжээ багасдаг гэнэ.
Мөн материалын сонголт муу зэргийг шүүмжиллээ. Гэхдээ хүүхдэд шаардлагатай илчлэгийн 40-50 хувийг өгч чадаж байгаа гэв. Өнгөрсөн долоо хоногийн хоолны цэсийг нь харвал даваа гарагт сурагчдад боорцог, алим, хярам, мягмарт будаатай хуурга, чацарганыг өгчээ. Лхагвад гоймонтой шөл, бор цай, пүрэвт ногоотой хуурга, хярам, баасанд хөц будаатай хуурга, аньс зэргийг танилцуулж, ард нь бүтээгдэхүүний орц болон илчлэгийн хэмжээг нь тэмдэглэсэн байв. Тодруулбал, хоол тус бүрийн илчлэгийн хэмжээг бичжээ. Дээрх хоолнуудын илчлэг 200-394 ккал байв. Гуравдугаар ангийнхнаас ямар хоолонд дуртайг нь асуухад олонх нь будаатай хуурга, бантан, сүүтэй будаа гэж хариулсан юм. Тус сургуулийн хоол зүйч “Хүүхдэд өгөхөд тохиромжтой, тос, давс багатай хоол бэлтгэдэг. Зөвхөн сонгино, саримсаар амталдаг. Манай хүүхэд гэртээ хоол идэх нь бага. Харин сургуульдаа үдийн хоолоо хоёр удаа нэмж идсэн гэх мэтчилэн ярьсан хэмээн эцэг, эхчүүд сэтгэгдлээ багшаар дамжуулж хэлсэн. Тийм болохоор бидний хоол үйлдвэрлэлийн үр дүн сайн байгаа юм болов уу гэж урам зориг авч ажилладаг” гэв.
Баянгол дүүрэгт байрладаг 20 дугаар сургуулийн 1812 сурагч үдийн хоол иддэг. Нэгдүгээр болон хоёрдугаар хоол, зууш, уух зүйл гэсэн иж бүрдлийг тэдэнд өгдөг аж. Хүүхдүүд зааланд сууж, нэгдсэн журмаар хооллодог гэнэ. Тус сургуулийн хоол зүйч Л.Энхцэцэг иж бүрдэл хоолны илчлэг 410-580 ккал байдгийг хэлэв. Тухайлбал, эхний өдөр ногоотой шөл, мантуун бууз, чацарганын шүүс, дараагийнхад нь тахианы махан зутан шөл, тефтель, өргөст хэмхийн зууш, хярам өгдөг юм байна. Лхагва гарагт ногоотой хуурга, гурван төрлийн будааны холимог, аньсны шүүс, пүрэвт гоймонтой шөл, котлет, бор цай, баасанд цуйван, чацаргана зэргийг хүүхдүүд иддэг гэнэ. Тус сургууль хоол үйлдвэрлэлээрээ дүүрэгтээ төдийгүй нийслэлд жишиг болохуйц үйл ажиллагаа явуулдаг аж. Тухайлбал, сурагчдад эрүүл хүнсний сонголт, зохистой хооллолтын ашиг тусыг мэдүүлэх, сурталчилж ойлгуулах үүднээс эрүүл мэндийн багш нартай хамтарч ажилладаг гэнэ. Тус хамт олон хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах талаар ажлаа дүгнэж ярилцдаг юм байна. Мөн сурагчид, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цайны газраа камержуулсан байв.
Энэ хичээлийн жилд нийслэлийн 70 гаруй сургууль гал тогоогоо түрээслэн, сурагчдын үдийн хоолыг бэлтгүүлж буй аж. Чингэлтэй дүүргийн 23, 24 дүгээр сургууль цайны газраа түрээслүүлж, тухайн байгууллагаараа сурагчдын үдийн хоолыг бэлтгүүлдэг гэнэ. 24 дүгээр сургуулийн ахлах тогооч “Ажиллах хүч олдоогүй гэсэн шалтгаанаар бидэнд энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны жор, технологийн номоос хоолныхоо санааг авч бэлтгэдэг. Эцэг, эхчүүдээс ямар нэгэн шүүмжлэл ирж байгаагүй” гэлээ. 23 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгч “Үдийн хоол” хөтөлбөрөөс бид ашиг олох боломжгүй. Үүнд үнийн өсөлт нөлөөлдөг. “Ковид”-оос өмнө манайх ашигтай ажиллаж байсан. Одоо бол тийм биш. Харин дунд ахлах, ангийнхан болон багш нарт боломжийн үнээр төрөл бүрийн халуун хоол борлуулснаар зардлаа нөхөж байна.
Өдөр бүр өөр төрлийн хоол хийдэг учраас хүүхдүүд, багш нар манайхаар үйлчлүүлэх дуртай. Манайх 12 ажилтантай. Угаагч 1.7 сая, тогоочдоо түүнээс өндөр цалин өгдөг. Огт ашиггүй ажиллана гэж байхгүй. Зарим аж ахуйн нэгж мантуун бууз, пирожкиноос хэтэрдэггүй. Жаахан сэтгэл дутдаг байх гэж боддог. Бага сургуулийн гал тогоо тусдаа. Тэндээ үдийн хоолны үйлдвэрлэлээ явуулдаг. Олон хүүхдүүд аяга, тавгаас халдвар авах, янз бүрийн бактери үржих магадлалтай. Мөн зарим хүүхэд аягаа угааж амжихгүй цүнхэндээ хийчихдэг. Тиймээс аяга, таваг, халбагаа өөрсдөө авчирдгийг нь зогсоосон. Манайх өөрсдөө аяга, таваг ариутгах машинтай. Хүүхдийн ходоод эмзэг тул бид цэвэр орчин бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Хоол хийх орчноо ч байнга цэвэрхэн байлгадаг. Ангиуд цуварч орж ирээд, зааланд хоолоо идээд гардаг” гэсэн юм.