“Нийтийн ахуйн үйлчилгээ 2024” чуулга, хэлэлцүүлэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг үг хэлэв.
ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар Нийтийн ахуй үйлчилгээний байгууллагууд хувьчлагдаж хувийн байгууллагуудад шилжсэн боловч ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах хууль эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх, салбарт ажиллагсдыг албан бус хөдөлмөрөөс зохистой албан хөдөлмөрт шилжиж, нийгмийн даатгал, ажилгүйдлийн даатгал, гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж үр шимийг нь хүртэх санал санаачилгыг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Монгол Улсад 2022 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9600 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн. Эдгээр салбар 6.3 хувь нь нийтийн халуун ус, 28.4 хувь нь үсчин, гоо сайхан, 17.4 хувь нь хувцас захиалга, засвар, 3.5 хувь нь гэрэл зураг авах, угаах, 1.3 хувь нь хими цэвэрлэгээ, 2.3 хувь нь ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар,5.1 хувь нь гутал захиалга, засвар, 5.1 хувь нь гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, 2.5 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 9.9 хувь нь бусад үйлчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.