Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25- 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас нэг дор байсан долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага урд шөнө 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж байжээ. Тиймээс нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтраажээ. Харамсалтай нь нэг байшинд нь байсан долоон иргэн шатаж амиа алдсан байна. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт хийж байна.
Онцгой байдлынхан галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бол цагдаагийнхан эл хэрэг гадны нөлөөтэй эсэхийг шалгаж эхэлжээ.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. Иймээс иргэдийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Галын аюулгүй байдлаа хангаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалцгаая.