Улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс RFID буюу цахим гэрчилгээг орон даяар нааж эхлэх нь ээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газраас энэ талаар мэдээлэл өглөө. RFID нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлэх технилоги гэнэ.
Ирэх өдрүүдэд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөжээ. Улмаар RFID цахим гэрчилгээгээр дамжуулан тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх аж.
Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг. RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой. Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж.
RFID технологийг 1950 оноос эхлэн олон улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашигладаг. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн үр дүн, зөвлөмж гарсан.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөжээ.