Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Дэлхийн банкны Суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан менежерээр шинээр томилогдсон ноён Таехюн Ли болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банк нь Монгол Улстай 1990 оноос хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлснээс сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, сайжруулах, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэхэд эрчимтэй хамтран ажиллаж байна.
Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн өргөжүүлэх, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар талууд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, судалгааны аргачлалыг хөгжүүлэх, Гэр бүл, хүүхэд хөгжлийн цогц төвийг хөгжүүлэх, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг цогцоор хөгжүүлэх, цахим үйлчилгээний тогтолцоо бий болгох болон залуучуудын хөгжил, Хүүхэд хамгаалал, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа тодорхой саналуудаа уламжиллаа.
Хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжүүлэх талаар талууд хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.