Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны долоодугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хаалттай хянан хэлэлцэх явцад,
Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “... хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ж.Батхуягаас “... шүүгдэгч Ц.Хулантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хэргийн материалтай танилцах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргав.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хүсэлтийг /өмнө энэ үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан/ хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заасныг дурдаж,
шүүх хуралдааныг энэ оны арван нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.