Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг өөрийг нь гүтгэсэн хэмээн хоёр иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар НПГ-аас иргэн Б.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, О.Лхагвадолгорт эл зүйл заалтаас гадна мөн хуулийн 13.5-2.1-ийн “Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлж сүрдүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Дээрх хоёр хүн 2023 оны зургаадугаар сарын 30-нд Төрийн ордны баруун хойд хаалганы дэргэд нэгэн сайтынханд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулчихаад цалин өгөөгүй” хэмээн мэдээлэл хийсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан, прокурор, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар, хохирогчдыг оролцуулан уржигдар нээлттэй хэлэлцсэн юм. Улмаар Б.Пүрэвдоржийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин О.Лхагвадолгорын худал мэдээлэл тараасан үйлдэлд нь мөн хэмжээгээр, бусдыг заналхийлсэн хэрэгт нь 700 000 төгрөгөөр торгох ял оноожээ.