Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас 16-гаас дээш насны иргэдэд 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тоон гарын үсэг олгож эхэлсэн билээ. Иргэд тоон гарын үсгээ улсын бүртгэлийн салбар нэгж, тус байгууллагын болон ХААН банкны өөртөө үйлчлэх машинаас авах боломжтой. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтрүүлснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт боломж нээгдэж, зардал хэмнэх болсон.
Иргэд, аж ахуйн нэгжийнхэн тоон гарын үсэгтэй болсноор төрийн үйлчилгээний цахим систем “E-business” платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ авах боломжтой. Мөн“Smart car”, “Smart office” аппликэйшн, нийгмийн даатгал, татвар, гаалийн байгууллага, худалдан авах ажиллагааны цахим хуудсанд тоон гарын үсгийн тусламжтайгаар нэвтэрч, төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдээд буй. УБЕГ-аас өгч буй хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийт 888 935 иргэн тоон гарын үсгээ баталгаажуулж авчээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон