Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны аравдугаар сарын 17-21-ний өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн замыг хаасан. Улмаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажлыг дуусгажээ. Одоогоор тус замд 5 см-ийн өнгө хучилтын ажил үргэлжилж байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар энэ талаар "Өнгө хучилт хийгдсэний дараа хөвөөний ажил хийснээр замын тэмдэг, тэмдэглэгээ бүрэн дуусна. Зарим хүмүүс Дарханы зам дууссан ч өндөр хурдтай яваа тээврийн хэрэгсэл хэрхэн зорчих, эргэх гэх мэт тэмдэг тэмдэглэгээ тодорхойгүй байгаа тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил бүрэн дуусаагүй өнгө хучилтын ажил хийж байгааг дахин хэлье. Тус авто зам нь хурдны зам биш учир жолооч нар хурдаа тохируулж анхаарал болгомжтой зорчоорой" хэмээн нэмэлт мэдээлэл өглөө.