Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн Прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд зохион байгуулдаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болжээ.
УЕПГ, Дорноговь аймгийн Прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын прокурорын газар, Ордос, Шилийн гол аймаг, Эрээн хотын Ардын прокурорын газрын төлөөлөл уулзалтад оролцсон юм. Албаныхан хил орчмын нутагт гарч байгаа гэмт хэрэг, ялангуяа мансууруулах бодис, мөнгө угаах, хүрээлэн буй орчны эсрэг болон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцсон аж. Мөн эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай гүйцэтгэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэх, хил орчмын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.