“Нүүрсний хулгай”-н хэмээх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд зарласнаас хойш яг жил өнгөрчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж, улмаар нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг шалгах шаардлагатай байгааг тэрбээр мэдэгдсэн юм. Үүнээс хойш уг гэмт хэрэгт олон нийт анхаарлаа хандуулж, 2022 оны төгсгөлөөр хэдэн өдрийн турш жагсаал хийсэн. Тэгвэл жилийн хугацаанд энэ хэрэгт ямар ахиц гарсан бол. Буруутнуудын нэрийг ил тод зарлаж, хариуцлага тооцно гэсэн яав. Оффтэйк гэрээ нэрийн дор хэчнээн тонн, хэдэн их наяд төгрөгийн нүүрсийг хил гаргаж, хэн хэн ашиг хонжоо олов. Энэ бүхнийг илчлэх учиртай хяналтын сонсгол юу болсон бэ. Олон асуулт гарч байна.
Нэрсээ зарлуулж, “дээлээ нөмрөхгүйн” тулд албан тушаалтнууд арга саам хайж байгаа нь тодорхой. Хяналтын сонсголын тов дуулдаад эхэлмэгц МАН дотор багагүй бужигнаан өрнөж буй сурагтай. Гэхдээ Б.Энхбаяр харьцангуй нэр цэвэр улс төрч учраас айж агших зүйлгүй болов уу. Тэрч өөрөө авлигатай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна.
Уг хэрэгт нийт 89 албан тушаалтан, улс төрч холбогдсоныг хуулийн байгууллагынхан зарласан. Эдгээрээс 10 гаруй хүний нэр л ил тод болоод буй юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын эсрэг уг тэмцэлд бууж өгөхгүй, бас айхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэр ганцаардаж, хүч дутаж байгаа нь ч нууц биш. Учир нь МАН-ын голдуу улс төрчид энэ хэргийн ард бий учраас түүнийг шахаанд оруулж, өөрсдийгөө илчлэхгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа. Тэгвэл сөрөг хүчнийхэн “нүүрсний хулгай”-н эсрэг тэмцэлд хүч нэмж, буруутай бүх хүнд хатуу хариуцлага тооцох ёстой гэдэгт МАН-ын гишүүдтэй байр сууриа нэгтгэжээ. Улмаар “нүүрсний хулгай”-н хэргийн талаарх хяналтын сонсголыг энэ сарын сүүл, эсвэл ирэх сарын эхээр заавал хийхээр төлөвлөсөн юм байна.
БУРУУТАЙ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТОО НЭМЭГДЭХ ҮҮ
2022 оны сүүлчээс олон нийтийн анхаарлын төвд орсон болохоос уг хэрэг 2017 оноос эхлэлтэй гэдэг. Д.Амарбаясгалан сайд энэ тухай “2017 оноос хойш шалгаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас жижиг “Тавантолгой” компани олборлосон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан” гэж байв. Хэргийг олон нийтэд зарлахаас өмнө Засгийн газар хуулийн байгууллагаас холбогдох мэдээллээ авч, хийх алхмаа төлөвлөсөн нь мэдээж юм.
Уг хэрэгт холбогдуулан АТГ-аас зарласан 17 хүний дотор УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нар байгаа. Хэргийг үргэлжлүүлэн шалгасаар буй, эцсийн шийдвэр гараагүй байна. УИХ-ын зарим гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл үүнд хамаатай “ангийн нөхөд”-ийнх нь тоо 20 руу дөхөж байгаа гэх. Гэвч албан ёсоор зарласан нь дээрх долоон хүн л байна. Мөн “нүүрсний хэрэг”-ээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэн, эдүгээ яллагдагчаар татан шалгаж буй. Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг энэ сарын 30-нд хийхээр болж хойшлуулсан юм билээ.
АН-ынхан болон ХҮН намын Т.Доржханд тэргүүтний зүгээс дээрх улс төрч болон албан тушаалтнууд нийт 40 их наяд төгрөгийн хулгай хийсэн тухай мэдээлж буй. Гэвч яг хэдэн төгрөгийн хохирол улсад учруулсан тухай албан ёсны тоо баримт мөн л нууц байна.
Х.НЯМБААТАРЫН АЖЛЫГ Б.ЭНХБАЯР “ӨВЛӨВ”
Хууль шүүхийн байгууллага дээрх хэргийг шалгаж, үйл явц өрнөж байх зуурт УИХ, Засгийн газрын түвшинд ямар ажил хийв. УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард хяналт, шалгалтын түр хороо байгуулсан. Өөрөөр хэлбэл, олон нийтэд энэ гэмт хэргийн талаар зарлахаас өмнө Засгийн газар, УИХ мэдээллээ аваад, түр хороо байгуулаад явж байсан гэсэн үг. УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалж байсан уг түр хорооны ажиллах хугацааг нэг удаа сунгаж, бүтэн жил болсон ч “нүүрсний хэрэг”-тэй холбоотой хяналтын сонсголыг хийж чадаагүй юм. Хэрэг мөрдөн байцаах явцад нөлөө үзүүлэх эрсдэлтэй учраас сонсголыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг ч АТГ-аас тавьж байсан юм билээ. Ингээд энэ оны зургаадугаар сард түр хорооны ажиллах хуулийн хугацаа дуусаж, үүргийг нь авсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан.
Гэвч УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголыг ажлын хэсэг биш, түр хорооноос зохион байгуулах боломжтой. Тиймээс УИХ-аас “нүүрсний хэрэг”-ийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулж, мөн л Хууль зүй, дотоод хэргийн сайд ахлах болсон юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай хийх тэмцлийг нийслэлд үргэлжлүүлнэ хэмээн ганц итгэлт хүн болох Х.Нямбаатарыгаа УИХ-ын гишүүн, сайдын бүрэн эрхээс түдгэлзүүлэн хотын захирагчаар томилсон. Тиймээс түүний ахалж, хариуцаж байсан “нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл гээд бүх мэдээллийг ил тод болгох хяналтын сонсгол хийх ажлыг эдүгээ Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр “өвлөж” аваад байна. Одоо тэр “нүүрсний хулгайчид”-тай нүүр тулна гэсэн үг.
Тэрбээр ажлаа хүлээж аваад, шинжээч тэргүүтэн томилж, багаа бүрдүүлж буйгаа өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ хэлсэн. Хянан шалгах түр хороо өнгөрсөн хэдэн сард таван чиглэлээр ажилласны дотор нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалууд болон гэрээ хэлцлүүдэд дүн шинжилгээ хийжээ. Тэд хяналтын сонсгол хийж, санал, дүгнэлтээ энэ намрын чуулганд танилцуулах үүрэг хүлээсэн. Нэрсээ зарлуулж, “дээлээ нөмрөхгүйн” тулд албан тушаалтнууд арга саам хайж байгаа нь тодорхой. Хяналтын сонсголын тов дуулдаад эхэлмэгц МАН дотор багагүй бужигнаан өрнөж буй сурагтай. Гэхдээ Б.Энхбаяр харьцангуй нэр цэвэр улс төрч учраас айж агших зүйлгүй болов уу. Тэр ч өөрөө авлигатай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ авлигатай тэмцэх Засгийн газрын бодлогын үр дүн эдийн засгийн тодорхой үзүүлэлтүүдээр илэрч буйг онцлоод, “Монголын ард түмэн улс төрчдийн хэн нь, юуны төлөө зорьж, хэн нь хөшигний цаана тээг хийж, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг иргэд хүсэж байна” хэмээн хэлсэн юм. Авлигын эсрэг тэмцэлд, “нүүрсний хэрэг”-т ч хөшигний ард түүнд олон саад, дарамт учирч байгааг энэ үгээрээ илэрхийлсэн биз ээ. Авлигатай зоригтой тэмцэнэ гэсэн үгэндээ хүрч чадах, эсэхийг нь уг хяналтын сонсголыг чанартай хийж, буруутай бүх хүнд хатуу хариуцлага тооцож чадах, эсэхээс нь харъя. Дээрх хэргийг хуулийн байгууллагаас жил гаруйн хугацаанд шалгалаа, тиймээс “ажил” нэлээд цэгцэрч буй гэж найдна. УИХ-ын түр хороо ч холбогдох материалаа шалгаж, дүн шинжилгээгээ хийж дуусаж буй байх. Тэгэхээр “нүүрсний хэрэг”-т хариуцлага тооцох цаг хугацааны тохироо бүрдээд байна.
Одоо гагцхүү Засгийн газар, түр хороог ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд, бүрэлдэхүүнд нь байгаа гишүүд зоригтой, тууштай байх учиртай. Мэдээж хяналтын сонсголыг нүд хуурсан биш, чанартай, даацтай явуулахад анхаарах ёстой юм.