ЗТХЯ-наас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг оронтой хамтран ажиллаж, тэтгэлэгт хамруулж байгаа аж. Тус яамнаас мэдээлснээр зам, тээврийн салбарт өдгөө 40 гаруй мянган ажилтан бий гэнэ. Тэгвэл 2030 он гэхэд тээврийн салбарт мэргэжилтэй ажилчны тоо 22 мянгаар нэмэгдэж, шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ. Салбарын мэргэжилтнүүдийг ШУТИС, Төмөр замын дээд сургуульд голчлон, гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнамын их, дээд сургуулиудад бэлтгэж буй гэнэ. Гадаадын их сургуулиудад 400 орчим, дотоодынход 3000 гаруй оюутан суралцаж байгаа аж. Хойд хөршийн Засгийн газраас Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь ирүүлсний 100 нь зам, тээврийн салбарын мэргэжлээр элсэлт авахыг мөн дурдав. Эл тэтгэлгээр сургалтын болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж, тухайн их, дээд сургуулиас шалтгаалж сар бүр тэтгэлэг олгох нь.
Бэлтгэсэн: Б.Сонор