Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Франсуа Бауш болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улсын жолооны үнэмлэхийг Люксембургийнхтэй дүйцүүлэн солих боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, тус улсад оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө Монголоос жолооны үнэмлэхээ авсан иргэн дахин шалгалт өгөхгүйгээр тэнд машин барих эрхтэй болжээ. Энэхүү санамж бичиг нь А, В ангилал буюу мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарах юм.
Люксембург нь манай улсын жолооны үнэмлэхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Европын Холбооны гишүүн хоёр дахь орон болжээ. Өмнө нь 2002 онд Бельги манай улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн юм байна.