Манай улсын Засгийн газар хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамгаалах чиглэлд ихээхэн анхаарч буй. Тэгвэл энэхүү зорилтыг хангахад нэн чухал үүрэгтэй нэгэн ажлыг Азийн хөгжлийн банк, ХЗДХЯ хамтран хийгээд байна. Тус байгууллагууд Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2020 оноос хэрэгжүүлсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр байгуулж, ашиглалтад орууллаа. Үүний нэг болох Налайх дүүрэг дэх түр хамгаалах байртай танилцав.
Төсөлд хамруулсан эдгээр аймаг, дүүрэг нь гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэгддэг, тэр хэрээр хохирогчдыг хамгаалах, тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага өндөр бүсэд тооцогддог аж. Налайх дүүрэг гэхэд уурхайн бүс учраас үүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, архидалт их байдаг гэнэ. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан болдгийг тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн залуучуудын албаны ахлах мэргэжилтэн Н.Билгүүн онцолсон.
Харамсалтай нь, тус дүүрэг саяхныг хүртэл хохирогчдыг хамгаалах байргүй байсан тул тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдийг нийслэл рүү явуулдаг байсан аж. Харин одоо ингэх шаардлагагүй болжээ. Тэд хохирогчдыг дүүргийнхээ хамгаалах байранд хүлээн авч, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалан, аюулгүй байдлыг нь хангахын зэрэгцээ эмнэлгийн болон сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломж бүрдээд байна.
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд ашиглалтад оруулсан хамгаалах байрууд нийт 61 ортой. Ийм тооны хохирогчийг нэг дор хүлээн авч, үйлчлэх боломжтой гэсэн үг. Харин Налайх дүүрэг дэх нь 14 ортой. Үүний зэрэгцээ өдрийн үйлчилгээ ч үзүүлдэг. Тодруулбал, тухайн хохирогчийн аюулгүйн зэргийг үнэлсний үндсэн дээр өдрийн үйлчилгээ үзүүлэх үү, эсвэл хамгаалах байрандаа авах уу гэдгийг шийддэг юм байна. Тус хамгаалах байр сэтгэл зүйч, зохицуулагч, нийгмийн ажилтан, тогооч гэсэн долоон ажилтантайгаар өдгөө үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлээд буйг мэргэжилтнүүд нь онцоллоо.
Эдгээр байрыг байгуулахдаа олон улсын жишиг, стандартуудыг баримталж, үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхийг эрмэлзсэнийг мэргэжилтнүүд дурдсан юм. Газар дээр нь танилцахад ч тохь тухтай, аюулгүй орчин бүрдүүлсэн нь илхэн байлаа. Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг халуун дулаан орчинд угтан авахаар зорьсон нь харагдав.
Тэдэнд зориулан тоглоомын тусгай өрөө гаргаж, зарим хэсгийн ханыг сэтгэл татам зургаар чимэглэсэн байлаа. Ариун цэврийн өрөөгөө ч хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогт тохируулан ялгаатайгаар тохижуулж. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдийг байлгах өрөөнд жижиг ор, саатуулагч тавьсан нь нүдэнд туслаа. Түр хамгаалах байруудыг үйлчлүүлэгчдийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн бүгдэд ээлтэйгээр төлөвлөхийг зорьжээ. Тэдгээрийн хоёрыг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар байгуулсан аж.
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн гол зорилго нь хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэж буй. Тиймээс түр хамгаалах байр бариад зогсохгүй өөр олон ажлыг ч үүний хүрээнд хийжээ. Хүчирхийлэл үйлдэгчдийн зонхилох хувь нь эрчүүд байдаг учир тэдэнд зориулсан зан үйлийн сургалт зохион байгуулж. Мөн даван туулагч буюу гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх вакум сургалтыг нэг сарын хугацаанд явуулж, 110 гаруй хүнийг хамруулжээ. Тэдний 10 нь төслийнхнөөс санхүүгийн дэмжлэг авч, өдгөө бизнесээ амжилттай үргэлжлүүлж байна. Даван туулагч бүсгүйчүүд хамтран бүлэг байгуулж, оёдол, сүү, цагаан идээ, хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулалт, цэвэрлэгээ гээд өөрсдийн туршлага, ур чадварт үндэслэн санаачилсан бизнесээ өргөжүүлэн эрхэлж буй юм.
Тэдний нэг нь “Чадавхжуулах сургалтад манай дүүргээс 32 эмэгтэй хамрагдсаны 10 нь бүлэг үүсгэн, бизнес хийж байна. Ингэж нэгдэн нийлсэн эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй нөхөр, хүүхэдтэй, гэр бүлийнх нь хэн нэг нь архины хамааралтай гээд бүгд л ардаа ямар нэг асуудалтай. Үндсэндээ гэр бүлийн байдал нь эмзэг. Бид бүгд ажил, бизнес эрхлэх хүсэл сонирхолтой ч хаанаас, юунаас эхлэх учраа мэддэггүй, хүний удирдлагад л ажилладаг байв. Харин энэ сургалтад хамрагдсанаар бизнесээ хэрхэн өргөжүүлэхээс эхлээд маркетинг яаж хийх, ашгаа хэрхэн тооцох талаар ойлголттой болсон. Бидэнд олон боломжийг нээж өглөө. Санхүүгийн дэмжлэг авснаар өөрсдийн гэсэн ажлын байр, тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ дэмжлэг хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн гэдгийг батлахын төлөө хичээн ажиллаж байна” гэсэн юм. Харин өөр нэг бүсгүй “Энэ төслийн сургалт бидэнд эдийн засаг, бизнесийн ойлголт, мэдлэг өгөөд зогсохгүй сэтгэл зүйгээ эрүүл, хүчирхэг байлгах боловсролыг олгосон. Миний нөхөр сэтгэцийн өвчтэй. Би өнгөрсөн хугацаанд түүнээс ялгаагүй юм шиг амьдарч байсан юм билээ. Хандлага, аливааг харах өнцөг минь өөрчлөгдсөн. Өөрийгөө ч үнэлж эхэллээ” гэв.
Бизнес эрхлэгч бүсгүйчүүд өөртөө туслах бүлэг байгуулж, орлогоосоо тодорхой хувийг нь сард хоёр удаа төвлөрүүлдэг хуримтлал бий болгожээ. Бараа материалын нөөц хэрэгтэй болсон үед тэндээсээ санхүүжүүлдэг гэнэ. Мөн хэн нэгэнд нь мөнгө шаардлагатай болсон үед хуримтлалаасаа хүүтэй зээл авдаг аж. Тэд үүнийгээ “итгэлийн зээл” хэмээн нэрлэжээ. Ажил, бизнестэй, үүнийгээ дагасан найз нөхдийн хүрээлэлтэй, үйлчлүүлэгчтэй, санхүүгийн эх үүсвэртэй, хуримтлалтай болсон бүсгүйчүүд урьдынхаасаа илүү завгүй, зорилго тэмүүлэлтэй амьдарч буйгаа онцлоод “Орлогын тогтмол эх үүсвэртэй болсноор санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх, бие даан шийдвэр гаргах боломж бүрдсэн” гэж олзуурхан ярьсан юм.